Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Ч.Анар, Б.Мөнхсоёл болон ЕБС-ийн багш нарын хамт цаг үеийн зарим тулгамдсан асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурлыг зохион байгууллаа.
Эцэг эхчүүд, хууль тогтоогчид, боловсролын байгууллага хамтран "Тамхигүй, хорт зуршилгүй сурагчид сургууль" гэх аяныг хэрэгжүүлэх гэж байгаа юм байна.
2023 оны ДЭМБ-ийн судалгаагаар таван хүүхэд тутмын нэг нь янжуур тамхи, дөрвөн хүүхэд тутмын нэг нь электрон тамхи татдаг гэх судалгаа гарч байжээ. Манай улс Азийн бүсдээ тамхинд донтсон иргэдийнхээ тоогоор эхний долоод бичигдэж жил болгон 4,300 хүн тамхинаас үүдэлтэйгээр нас барж байна гэдгийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг мэдээлэв.
Сургуулийн эмч Б.Сарантуяа "Утаат болон электрон тамхи хоёр яг ижилхэн хор хөнөөлтэй гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Өсвөр үеийнхний сониуч зан дээр дөрөөлсөн гялгар, өнгө, үнэр, амттай гэх буруу маркетинг донтолт руу хөтөлж байна.
Манай сургуулийн 00-ийн өрөөний хогийн савны ёроолд хүүхдүүд электрон тамхиа 00-ийн цаасаар ороож, зарим нь шууд ил хэвээр нь нуусан байсан. 00-ийн хогийг ухаж байгаад авсан юмаа амандаа хийнэ гэдэг нь байж боломгүй үйлдэл. Энэ мэтчилэн нууж татаж байна. Хүүхдүүд сэтгэл санааны түгшүүр, хүнд байдлаасаа болж татдаг гэх тайлбарыг өгдөг учир эцэг эхчүүд хүүхэдтэйгээ тулж ажиллах, ярилцах хэрэгтэй байна" гэв.
Одоогийн байдлаар электрон тамхи нь электрон бараа гэх ангилалд ордог учир Тамхины хяналтын тухай хуулиар зохицуулагддаггүй байна. УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Ч.Анар, Б.Мөнхсоёл нарын бусад есөн гишүүдийн санаачилсан "Тамхины хяналтын тухай хуулийн төслөөр" электрон тамхийг янжуур тамхитай адил хуулийн зохицуулалтад оруулж байгаа аж. Уг төслийг энэ намрын УИХ-ын чуулганд өргөн барих юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!