Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалын овоолго буюу үүсмэл гурван орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай танилцлаа. Эрдэнэт үйлдвэрийг дагасан гурван хулгай байдаг гэж ярьдаг. Тендер, гэрээ, овоолгын хулгай.
Сүүлийн жилүүдэд Засгийн газраас тавих хяналт эрс нэмэгдсэний үндсэн дээр тендерийн хулгай гэдэг зүйл алга болсон. Тендер, худалдан авалтад хүний оролцоог багасгаж, хиймэл оюун ухааныг ашиглах болсноор энэ төрлийн хулгай эрс багассан.
Мөн уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах болсноор гэрээний хулгай гэдэг зүйл алга болсон байна.
Харин одоо овоолгын хулгай байсаар байна. Үйлдвэрийн хаягдал гэж нэрлэдэг боловч агуулга багатай балансын бус хүдрийг хэзээ нэгэн цагт ашиглана гэж зорилгоор хадгалж байсан үүсмэл гурван орд дээр гурван компани үйл ажиллагаа явуулж байна. Эрдэнэт үйлдвэрийг овоолгоос монголын ард түмэн, Эрдэнэт үйлдвэрийнхэн бус хэсэгхэн хүмүүс, нэг гэр бүлийнхэн ашиг хүртдэг болсон байна. Эрдэнэт үйлдвэрийн овоолго буюу исэлдсэн хүдэр нь байгалийн бөгөөд ирээдүйд ашиглах үүц юм.
Тиймээс Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл “Ачит ихт”, “Эрдмин”, “Зэс эрдэнэ” компаниудын үйл ажиллагаатай танилцсан. Ингээд байгалийн баялгийн өгөөжийг ард түмэнд хүртээх зорилгоор үүсмэл орд ашиглагч хуулийн этгээдүүдтэй хамтран дэд ажлын хэсэг байгуулсан.
Иймээс Үндэсний баялгийн сангийн хэрэгжилтийг үүсмэл ордууд дээр хангуулж, үүсмэл ордыг эзэмшиж байгаа этгээдүүдтэй төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай хэлэлцээрийг үргэлжлүүлж богино хугацаанд үр дүн гаргах шаардлагатай байна” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!