Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Цэнгэл: Төрд хураагдсан ₮29 тэрбумын үнэ бүхий 52 үл хөдлөхийг дуудлагаар худалдаж, зарим объектыг дахин үнэлнэ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хураагдсан эд хөрөнгийн заримыг дуудлагаар худалдах, баригдаж дуусаагүй объектуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгэж дуусгах зэргээр төрд учирсан хохирлыг барагдуулах чиг үүрэгтэй ажлын хэсэг байгуулагджээ.

Энэ талаар Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар(ТӨБЗГ)-ын дарга Б.Цэнгэл төрийн ордонд сэтгүүлчдэд өнөөдөр мэдээллээ. 

Тэрбээр "Бонд гаргаж санхүүжүүлэх хэлбэрээр хөрөнгийн удирдлагын менежмент хийх зохицуулалтын арга хэмжээ авна. Албадан дуудлага худалдаа зарлана. Боловсрол, эрүүл мэндийн салбарт байрны хүрэлцээ тааруу байгаа тул зарим объектыг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжийг гаргах зэрэг үндсэн чиглэлээр ажиллахаар төлөвлөсөн. 

Хөгжлийн Банкны асуудлыг тусад нь авч үзнэ. Учир нь Хөгжлийн Банканд 1.3 их наяд төгрөгийн өр, авлага үүссэн. Өдийг хүртэл өр, авлагыг олигтой барагдуулахгүй байгаа тул бүх л холбогдох байгууллагын төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулагдаж, цэгцлэх чиглэлээр шуурхай үүрэг даалгавартай ажиллана. 

Тухайлбал ажлын хэсэг нь дараах объектуудын асуудлыг хууль, эрхзүйн хүрээнд судлах юм

  • Албадан дуудлага худалдаанд оруулах 29 тэрбум төгрөгийн үнэ бүхий 52 объект
  • Хууль, шүүхийн байгууллагын шийдвэрлэх ажиллагааны хүрээнд банкны өмчлөлд авч, өр төлбөрийг төлүүлэх хөрөнгө нь 207 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 17 объект байна.
  • Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй хөрөнгө бас бий. Энэ нь 17 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 15 объект. Хэт өндөр үнэлж, хохиролд тооцуулахаар шахах тохиолдол байна. Жишээ нь "Гантиг вилла" хотхоны есөн барилга Төрийн банкны өрөнд шилжсэн. 2021 онд 86 тэрбум төгрөгөөр үнэлсэн байгаа. Үүнийг дахин үнэлэх ёстой гэж үзэж байна. 
  • Боловсролын салбарт шилжүүлж өгөх бололцоотой объектууд бий. Нэмэлт хөрөнгө оруулалтыг яаж шийдэх вэ гэдгээ ярилцана. 2022 онд дутуу баригдсан объектуудыг гүйцээж барихад 44 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн байсан. 2025 онд үнэлбэл өөр дүн гарах байх" гэлээ.

Хөгжлийн Банкны 1.3 их наяд төгрөгийн өр авлагын 800 гаруй тэрбум нь нэр бүхий дөрвөн байгууллагад байдаг аж. Энэ тухай ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл "Төрийн Орон Сууцны Корпорац(ТОСК)-ын өр 400 гаруй тэрбум төгрөг, Хөтөл болон Бэрэнгийн асуудал нь нэлээд жин дарж байна. Хөгжлийн Банк Хөтөлийн зарим эд хөрөнгийг зээлийн барьцаанд авсан байхад шүүхийн маргаан үүссэн тул ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болсон юм билээ. Иймд түргэн арга хэмжээ авахаар ажлын хэсэг шуурхай ажиллана. Олон жилийн хугацаанд шийдэл гаргаагүй, эс үйлдэл гаргасан хүмүүст хариуцлага тооцох нь зүйтэй" гэлээ. 

Мөн Капитал банкны төлөх ёстой өр төлбөрийн талаар тэрбээр мэдээлэхдээ

  • Сангийн Яамны дөрвөн тэрбум төгрөг
  • Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын 64 тэрбум төгрөг
  • Эрүүл Мэндийн Даатгалын Сангийн 75 тэрбум төгрөг
  • Жижиг, Дунд Үйлдвэрлэлийн Сангийн 21 тэрбум төгрөг
  • Жижиг, Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн 1.9 тэрбум төгрөг
  • Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын хоёр тэрбум төгрөг буюу нийт 173 тэрбум төгрөгийн асуудал байгаа гэв.

Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк нь 59 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байна. 

  • Эрдэнэт үйлдвэрийн 42 тэрбум төгрөг
  • Хадгаламж Даатгалын Корпорацын 3.8 тэрбум төгрөг
  • Тавантолгой ХК-ийн 10.2 тэрбум төгрөг бий.

Чингис хаан банк 250 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байна.

  • Хөгжлийн Банкны 34 тэрбум төгрөг
  • Нийгмийн даатгалын 86 тэрбум төгрөг
  • Эрүүл мэндийн даатгалын 29 тэрбум төгрөг
  • Хадгаламж Даатгалын Корпорацын 16 тэрбум төгрөгийн асуудалтай гэдгийг ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл хэллээ.