Монгол Улсад олон улсын санхүүгийн салбарын чухал арга хэмжээ болох Олон улсын Актив удирдлагын компаниудын форум (IPAF)-ын 9 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт 2025 оны 8 дугаар сарын 13–наас 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү дээд хэмжээний уулзалтад дэлхийн болон бүс нутгийн 18 орны төр, хувийн хэвшлийн 150 гаруй төлөөлөгч оролцож, чанаргүй зээл (NPL)-ийн шийдвэрлэлтийн шинэ арга зам, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх бодлого, хил дамнасан хамтын ажиллагааны асуудлуудыг өргөн хүрээнд хэлэлцэв.
Хурлыг Азийн Хөгжлийн Банк (ADB), Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын Актив удирдлагын корпораци (МАУК ХХК) хамтран зохион байгуулсан бөгөөд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан гэдгээрээ онцлог байлаа.
Хурлын хамгийн чухал үйл явдлын нэг нь “Улаанбаатарын санаачилга”-ыг дэвшүүлсэн явдал байв. Тус санаачилга нь чанаргүй зээлийн талаарх мэдээллийг ил тод, нэг стандарттай болгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдээллийн ил тод байдал, чанаргүй зээлийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх зэрэг бодитой, практик зорилтуудыг агуулж байгаа юм. Хуралд оролцогчид уг санаачилгыг дэмжиж, бүс нутгийн санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал алхам болохыг үнэлээд, 2026 онд Улаанбаатар хотноо болох IPAF-ын 10 дугаар семинарын үеэр албан ёсоор тунхаглахаар санал нэгджээ.
Хурлын үеэр манай улсын МАУК ХХК байгууллага нь Бүгд Найрамдах Казахстан Улсын Fund of Problem Loans (FPL) байгууллагатай Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж, мөн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Актив Удирдлагын Корпораци (VAMC) байгууллагатай Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулахаар болсон нь Монгол улс төдийгүй, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам болж байна.
Мөн IPAF-ын гишүүн байгууллагууд болон олон улсын байгууллагууд хоёр талт уулзалтууд хийж, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломж, гарцуудыг нээсэн нь онцлог байлаа.
Олон улсын төлөөлөгчид Монгол Улсад зохион байгуулсан энэхүү хуралдааныг өндөр түвшинд зохион байгуулж буйг сайшааж, Монгол Улс бүс нутгийн санхүүгийн хамтын ажиллагаанд улам чухал байр суурь эзлэх болсныг онцлон тэмдэглэлээ.
Энэхүү дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахад Спирит майнинг ХХК, Минерал Эксплорэйшн Фандинг ХХК, Хаан банк, Хас банк, Инвескор ББСБ үнэтэй хувь нэмэр оруулж, ивээн тэтгэгчээр оролцлоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!