Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн Х.Ганхуяг өчигдөр танилцууллаа.
Тэрбээр "Татварын ерөнхий хуулиар торгодог, дансыг нь хаадаг битүүмжилдэг тогтолцоог зөвлөдөг, тусалдаг, дэмждэг рүү оруулж байгаа. Татвараа төлөхгүй байна гээд дансыг нь битүүмжилдэг байсныг болиулна. Тухайн иргэн, аж ахуйн нэгж татварын өртэй байвал дансанд нь орж байгаа мөнгийг үл маргах журмаар татварын өрөнд суутгадаг байх зохицуулалтыг оруулж ирнэ.
Татварын ерөнхий хуулиар шалгалт орсны дараа татварын тайлан балансыг засах боломжтой болно. Татвар нь Үндсэн хуулийн дараа орох хэмжээний нийгмийн зөвшилцөл шаардсан хууль байдаг. Нийт 13,000 аж ахуйн нэгжээс 176 мянган санал ирсэн. Иргэдийн 70 хувь нь татвараа бүгд төлдөг байх, 56 хувь нь хувь хэмжээг бууруулах, гаалийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах талаар санал ирүүлсэн.
Нууж хаахгүй хэлэхэд манай нийгмийн даатгалын шимтгэл өндөр байдаг. Өмнө нь хувь хүний орлогын албан татварыг хөнгөлөөд чөлөөлж өгье. Нийгмийн хамгааллын яам Нийгмийн даатгалын багц хуулиа өргөн барихдаа ажил олгогчоос төлдөг нийгмийн даатгалыг бууруулах арга хэмжээ авахаар тохирсон байсан. УИХ-д энэ хуулийн төслийг өргөн барьсан боловч эргүүлээд татчихсан байдалтай байгаа. Ахмадуудын тэтгэвэр дээр улсын төсвөөс хоёр их наяд төгрөгийн татаас өгдөг" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!