Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Есдүгээр сарын цаг агаарын төлөв

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 8 сарын 26
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх хэдий ч баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй гарчээ.  

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.

Хур тунадасны хувьд нутгийн баруун хэсгээр харьцангуй бага байх боловч нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна. Сар эхлэхдээ баруун аймгуудын нутгаар цаашлаад төв, зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүн байх төлөвтэй байна. 

Харин хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох хэдий ч ялангуяа хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хур тунадас, уулаараа нойтон цас орж, агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД-аас 1-5°С хүйтэн байх төлөв ажиглагдаж байна. Бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна.

Есдүгээр сарын агаарын температурын ОЖД нь Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Өвөрхангайн баруун хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 2...8°С, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутаг, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 12...18°С, бусад нутгаар 8...12°С дулаан байдаг байна. 

2025 оны есдүгээр сарын агаарын температур ОЖД-аас ямар байхыг харьцуулж хараарай. 

Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ийн орчим

2025 оны 09-р сарын агаарын дундаж температур
09-р сарын агаарын температурын ОЖД
 

Есдүгээр сарын нийлбэр хур тунадас ОЖД нь Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Төвийн зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр 25–40 мм, Говь–Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр 0–10 мм, бусад нутгаар 10–25 мм ордог байна. 

2025 оны есдүгээр сарын хур тунадас ОЖД-аас ямар байхыг харьцуулж хараарай. 

 И–хур тунадас ОЖД–аас ахиу, Н–хур тунадас ОЖД–ийн орчим, Б – хур тунадас ОЖД – аас бага 

2025 оны 09-р сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан төлөв
09-р сарын нийлбэр хур тунадасны ОЖД
 

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Баян–Өлгий, Увс, Завханы ихэнх, Ховдын хойд, Говь–Алтайн баруун хойд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Сарын эхээр ихэнх нутгаар бороо орж, агаарын дундаж температур ОЖД–аас 1-3°С сэрүүн байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цаг агаарын муудалт ажиглагдах төлөвтэй байгаа бөгөөд ялангуяа хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орох нөхцөл ажиглагдаж байна. Агаарын дундаж температурын хувьд дээрх хугацаанаас бусад үед ОЖД–аас 1-3°С дулаан байх төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим, хур тунадас Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. 

Сарын эхээр зарим газраар бороо орж, агаарын дундаж температур ОЖД-аас 1-3°С сэрүүн байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цаг агаарын муудалт ажиглагдах төлөвтэй байгаа бөгөөд ялангуяа хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орох нөхцөл ажиглагдаж байна. Агаарын дундаж температурын хувьд дээрх хугацаанаас бусад үед ОЖД-аас 1–3°С дулаан байх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-ийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД-аас ахиу байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар бороо, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар хур тунадас, уулаараа нойтон цас орох төлөвтэй байна. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ОЖД-аас 1–3°С хүйтэн, бусад хугацаанд ихэнх нутгаар ОЖД-аас 1–3°С дулаан байх төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Өмнөговь, Дундговийн зүүн, Дорноговийн ихэнх хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар бороо орж, агаарын дундаж температур ОЖД–аас 1–3°С сэрүүн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар дулаан байх төлөвтэй байна.