Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Ганхуяг: Гадаадаас авах цахим үйлчилгээ, онлайн дэлгүүрийн бараанд НӨАТ ногдуулдаг болно

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ)-ын хуулиудад ямар өөрчлөлт орох талаар ажлын хэсгийн зүгээс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Тухайлбал иргэн сар бүрийн 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн татвараа 100 хувь, 500,001- 800,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн татвараа 50 хувь, 800,001 төгрөгөөс дээш худалдан авалтад төлсөн татварыг 20 хувиар хөнгөлж, буцаан олголтоор авахаар шинэчлэх гэж байгаа юм.

Гэхдээ энэ хуулийн төслийг одоогоор УИХ-д өргөн мэдүүлээгүй байгаа бөгөөд ирэх сарын 15-наас хэлэлцэж эхлэхээр төлөвлөөд байгаа юм байна. Түүнчлэн цахим бүтээгдэхүүнээс НӨАТ авдаг болох талаар Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг мэдээлэл өгөв.

Тэрбээр "Бид найман их наяд төгрөгийг НӨАТ-аар цуглуулдаг. Татварын ачааллаас болоод гаалиар бараа орж ирэхэд НӨАТ-аа заавал төлж байж авдаг. Гэрээ хийгээд мөнгө нь орж ирээгүй байхад шууд НӨАТ-ын өрөнд ордог асуудлыг 1-2 сараар хойшлуулахаар төлөвлөж байна. Ингэснээр иргэд аж ахуйн нэгжүүдийн зээл авах шаардлага буурна гэсэн үг.

Иргэд дөрвөн жилийн дотор татварынхаа тайланг засах боломжтой болно. НӨАТ-ын босгыг 400 сая төгрөг болгож, хялбаршуулсан журмаар бүртгэлийг хийлгэх боломжийг олгоно. Бүгд НӨАТ-аа төлдөг байсны дараа хэн ямар орлоготой ажилласныг тодорхойлно.

Нэг сая төгрөгийн орлоготой иргэн хуучнаар 80 мянган төгрөг төлж 15 мянган төгрөгийн буцаан олголт авдаг байсан бол шинэчилсэн хуулиар 65 мянган төгрөгийн буцаалт авдаг болно. НӨАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтийг 14 наснаас дээш бүх Монгол Улсын иргэн эдлэх боломжтой. 
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гадаадаас авах цахим үйлчилгээ, онлайн дэлгүүрийн бараанд НӨАТ ногдуулдаг болно. Нэг иргэн Netflix-ийн талаар ярьж байсан. Өнөөдрийн байдлаар манай улсад буй цахим үйлчилгээнүүдээс НӨАТ-ын авдаг болно. Учир нь дотоодын тэр чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд өрсөлдөх боломжгүй болж байна. Гадаадаас авч буй үйлчилгээ НӨАТ-гүй атлаа дотоодын ижил үйлчилгээ явуулдаг компаниас авдаг. 

Гар дээрээс наймаа эрхэлдэг, мах сүүгээ авахад НӨАТ-гүй байдаг хөнгөлөлт, чөлөөлөлтийг байхгүй болгож бүгд жид НӨАТ төлдөг болно. Гар дээрээс худалдаа эрхэлдэг хүмүүст дарамт ихсэх вий гэсэн асуудал байхгүй. Зарж байгаа хүн нь и-баримт өгөөд, НӨАТ-тай дүн гэсэн хасагдуулалт хийхийг татварын алба зөвшөөрнө. Ингэснээр хүнсний үйлдвэрүүдийн өртөг буурах боломж бүрдэнэ" хэмээн ярилаа.