Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн Х.Ганхуяг өнөөдөр танилцууллаа.
Тэрбээр "Найман сар гаруйн хугацаанд татварын багц хуулийн төсөл дээр ажиллалаа. 2025 оны тавдугаар сард өмнөх Засгийн газар өргөн барьсан байсан ч шинэ Засгийн газар байгуулагдсан нөхцөл шалтгаан үүссэнээр татан авсан юм.
Шинэ Засгийн газар байгуулагдахдаа ч татварын шинэчлэлийг үргэлжлүүлнэ гэсэн тул ажлын хэсгийн зүгээс одоо байгаа төсөл нь энэ юм гээд санал авах нь зүйтэй гэж үзсэн. D-Parliament-д байршуулсан төсөл бол өргөн барьсан хуулийн төсөл биш, олон нийтээс санал авч байгаа төсөл юм. Уг шинэчлэлээр иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулах, нийтээрээ тэгш шударгаар татвараа төлөх эрх зүйн орчин бүрдэнэ. Иргэн бүр татвартаа хөнгөлөлт чөлөөлөлтөө эдэлдэг, эргэж тайлагнадаг системд орно.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц, анхныхаа орон сууцыг худалдан авч байгаа тохиолдолд хуучин 6,000,000 төгрөгийн татварын хөнгөлөлт авдаг байсныг 15,000,000 төгрөг болгож байгаа.
Татварын багц хууль нь дөрөв дэх удаагаа парламентын түвшинд хэлэлцэгдэх шатандаа явж байгаа. Өмнө нь төсвийн хуулийг дагуулж аль нэг татварыг өөрчилдөг нь тогтолцооны гажуудал үүсгэдэг. Тухайлбал Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ) нь бүртгэлийн зориулалттай байсан ч гол зорилго нь тогтолцооны гажуудал руу авчирсан. Өнөөдрийн байдлаар 70 гаруй төрлийн үйлчилгээг чөлөөлчихсөн байгаа учраас НӨАТ-ын хамрагдалт 74 хувьтай байна. Энэ нь "саарал" эдийн засаг, зарим нь татвар төлдөг, зарим нь төлөхгүй байхаар шударга бус татварын тогтолцоо бий болдог. Иймд багц хуулиар шинэчлэх гэж байгаа юм" гэв.
Мөн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Нийт орлогоос Хувь Хүний Орлогын Албан Татвар(ХХОАТ)-ын шатлалыг тооцдог болох аргыг оруулж байгаа. Хялбаршуулсан горимыг зөвхөн НӨАТ-т үзүүлнэ. Өөрөөр хэлбэл НӨАТ нь зөвхөн бүртгэлийн үүргээ гүйцэтгэнэ.
Хувиараа бизнес эрхлэгчдийн татварын тайланг системээр бэлтгэн хүргүүлж, татвар ногдуулна. Технологийн шинэчлэлтээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлогыг үндсэндээ тодорхойлох боломжтой болсон тул системээ автоматжуулах, хялбаршуулах боломж нь нээгдсэн" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!