Өвөр Монголын Өөртөө Засах Орны (ӨМӨЗО) засаг захиргааны тэргүүн Ван Лишяг “сахилга бат алдаж, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэрэгт” сэжиглэн шалгаж эхэлснээ Хятад улсын авлигатай тэмцэх газар Баасан гарагт мэдэгджээ.
Тэр бас Хятадын Коммунист Намын орон нутгийн салбар хорооны дэд даргын албыг давхар хашдаг юм.
61 настай Ван Лишя энэ он гарснаас хойш хуулийн байгууллагад шалгагдаж байгаа Өвөр Монголын өндөр албан тушаалтнуудын дөрөв дэх нь болж байна.
Зүүн хойд Хятадын Ляонин мужид төрсөн Ван нь монгол үндэстэн бөгөөд 2016 онд Өвөр Монголд томилогдохоосоо өмнө ихэнх хугацааг Шаньси мужид янз бүрийн албан тушаал хашиж өнгөрөөжээ.
Тэрбээр эхлээд Хөх хотын намын хорооны даргаар ажиллаж байгаад 2021 онд ӨМӨЗО-ны дарга болсон юм.
1980 оноос хойш ажиллаж байсан Хятадын таван өөртөө засах бүс нутгийн 43 даргын зургаа нь авлигын хэрэгт холбогдож байжээ. Эдгээр нь бүгд 2018 оноос хойш шалгагдаж эхэлсэн юм.
Ажиглагчид үүнийг Хятадын Коммунист Намын авлигын эсрэг тэмцэл үндэсний цөөнхийн албан тушаалтнуудад ялгаатай хандахаа больсны илрэл гэж үзэж байна.
Энэ оны нэгдүгээр сард шалгагдаж эхэлсэн Төвөдийн өөртөө засах орны дарга Кижала ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр долдугаар сард намаас хөөгдсөн юм.
Гуанши Зуан өөртөө засах бүсийн дарга Лан Тяньли тавдугаар сард, Нинся Хуй өөртөө засах бүсийн дарга асан Лю Хуй долдугаар сард шалгагдаж эхэлжээ.
Үүнээс өмнө 2018 онд Өвөр Монголын дарга асан Ян Жин, Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны дарга асан Нур Бекри нар мөн авлигын хэрэгт холбогдож байв.
Сүүлд Ян албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол Бекри шүүхээс бүх насаар хоригдох ял сонсож байжээ.
Эх сурвалж: South China Morning Post
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!