Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын өндөр чансаатай багуудын өрсөлдөж буй Esports World Cup 2025 тэмцээн Саудын Арабын Эр-Рияд хотноо шөвгийн дөрвөн багийн тоглолтоор үргэлжилж байна.
Манай улсын "The MongolZ" баг шөвгийн дөрөвт дэлхийн аварга Францын "Team Vitality" багийн эсрэг "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 2:1 онооны харьцаатай хожлоо.
Өнөөдрийн тоглолтод манай баг өөрийнхөө сонгосон "Mirage map" дээр довтлох талаас эхэлж, хоёр үеийн зөрүүтэй буюу 7:5 тооны харьцаатай байраа сольсон. Үргэлжлүүлэн хамгаалах талаас Францчуудад ердөө гуравхан үе алдсанаар 13:8 тооны харьцаатай ялалт байгууллаа.
Харин Францын "Team Vitality" багийн сонгосон "Dust II map" дээр манай баг хамгаалах талаас 4:8 буюу дөрвөн үеийн дутаатай эхлүүлсэн. Улмаар довтлох талаас таван үе авсан боловч 9:13 тооны харьцаатай ялагдав.
Ийнхүү тоглолтын хувь заяа сүүлийн "Nuke map" дээр шийдэгдэхээр болж, манай баг хамгаалах талаас найман үеийн илүүтэй эхлүүлсэн. Үргэлжлүүлэн довтлох талаас гар бууны үеийг авч эхлүүлснээр 13:7 тооны харьцаатай хожлоо.
"The MongolZ" баг Esports World Cup 2025 тэмцээний аваргын төлөө Саудын Арабын "Team Falcons" болон Туркийн "Aurora Gaming" багийн аль хожсонтой нь маргааш 18:00 цагт "Во5" журмаар тоглох урьдчилсан хуваарь гарчээ.
"The MongolZ" болон "Team Vitality" багийн хувьд томоохон тэмцээнүүдэд нийт 11 дэх удаагаа учраа таарч тоглоод байна. Ингэхэд манай улсын баг хоёр удаа өрсөлдөгчөө хожсон бол Францчууд 9 удаа ялалт байгуулсан үзүүлэлттэй болов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!