Вьетнам улсын Да Нанг хотод IMC олон улсын бага, дунд ангийн математикийн олимпиад 8-р сарын 14–19-нд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг олимпиадад Хятад, Энэтхэг, Америк, Канад, Сингапур зэрэг 31 улсын 500 гаруй сурагч оюун ухааны хүч чадлаа сорин өрсөлджээ.
Энэ жилийн хувьд Монгол Улсын багийг Ч.Сугардорж багш ахлан оролцсон бөгөөд, багийн сонгон шалгаруулалт болон нэгдсэн бэлтгэлийг Ч.Сугардорж, Э.Эрдэнэбилэг багш нар хариуцан өндөр түвшинд зохион байгуулсан байна.
Монгол Улс 2009 оноос эхлэн IMC-д оролцож эхэлсэн түүхтэй. IMC нь 1999 оноос эхлэн зохион байгуулагдсан олимпиад бөгөөд таван тивийн бага, дунд ангийн сурагчид тоо бодож уралддаг энэ төрөлдөө хамгийн том олимпиад юм. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон багш, сурагчдадаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Хаалтын ёслолд IMC математикийн олимпиадын олон улсын хороо 2026 онд энэ нэр хүндтэй тэмцээнийг Монгол Улсын Улаанбаатар хотод зохион байгуулахаар шийдвэрлэж, тугийг манай багт гардуулав.
IMC математикийн олимпиадыг Монгол Улсад зохион байгуулах ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!