Нийслэл хотын нийтийн эзэмшлийн зам талбайд борооны ус тогтоод 20-30 минутын дараа ус зайлуулах шугам бүрэн ачааллаараа ажилладаг гэж мэдээллээ.
Энэ тухай Геодези, Усны Барилга Байгууламжийн Газрын дарга Б.Бямбасайхан "ЦУОШГ-аас өгсөн сэрэмжлүүлэх мэдээллээр өнөөдөр Улаанбаатар хотод 25-35 мм-ийн хур тунадас орж, аюулт хэмжээнд хүрнэ гэж мэдэгдсэн.
Уржнан жил Дарь-Эхэд болсон үерийн улмаас дөрвөн хүн эрдэнэт амиа алдсан талбар дээр 26 мм-ийн хур тунадас орсон байдаг. Энэ удаад бороо тархмал байдалтай орж байна.
Нийслэл хотын зам талбайд борооны ус хэр тогтож байгааг иргэд өөрсдөө харж байгаа байх. Улаанбаатар хотод 4,000 гаруй шүүрт, 4,000 орчим үзлэгийн худаг бий. Эдгээр 8,000 орчим худгийн цэвэрлэгээг манай байгууллага хариуцдаг.
Шүүрт худаг нь тухай нэгж талбарын усыг зайлуулах зохицуулалттай хийгдсэн байдаг. Гэтэл сүүлийн 30 жилд төлөвлөлтгүй барилга баригдсанаас өнөөдөр орсон борооны үеэр Яармагийн Арцат, Нүхтийн амнаас авто зам руу их хэмжээний ус орж ирж байна. Тухайн байршлын хотхон, хорооллуудын зам, талбайг төвлөрсөн борооны ус зайлуулах шугамд холбоогүйгээс уулын ус авто зам дээр төвлөрч, борооны ус зайлуулах шугамын шүүр ачааллаа дийлэхгүй байна.
Зам, талбайд борооны ус тогтсоноос 20-30 минутын дараа ус зайлуулах шугам бүрэн ачааллаараа усыг зайлуулдаг.
Манай улсын авто замын ус зайлуулах шугам нэгэн зэрэг борооны усыг зайлуулах ямар ч боломжгүй. Үүний нэг нь Вокзал орчим. Тус байршилд 1,000-ын хоолойгоор Дунд гол руу төвлөрсөн борооны ус зайлуулах шугамыг угсарч, ажлын явц 40 гаруй хувьтай үргэлжилж байна. Уг ажлыг есдүгээр сарын 20-нд дуусгана.
Хотхон, хорооллуудын ус зайлуулах шугамыг төвлөрсөн шугамд холбохоор мэдэгдэх хуудас өгөөд байна" гэлээ.
Түүний мэдээлснээр Улаанбаатар хотод сүүлийн хоёр жилд нийт 25 байршилд 21 километр ус зайлуулах шугам угсарчээ.
Ус зайлуулах шугамын эвдрэл гэмтлийн тухай хотын дарга Х.Нямбаатар "Барилгын компаниуд ус зайлуулах шугам эвдэнэ, сүйтгэнэ, хөрсний усаа төвийн ус зайлуулах шугам руу хулгайгаар цутгана. Ус зайлуулах шугамын хоолойг эвдээд газар дээр гаргаад тавьсан балмад үйлдэл ч гарч байв.
Барилгаа төлөвлөхдөө зам талбайн усыг заавал хотын төвлөрсөн борооны усны системд холбож шийдэх ёстой байдаг боловч шууд байгалийн уналтаар нь авто зам руу, задгай талбай руу хаясан хаялгатай хийж байгаа нь авто замын шүүрт худгууд бүрэн хүчин чадлаараа ажиллаад ч усаа бүрэн зайлуулж дийлэхгүй байдлыг бий болгож байгаа.
Уг нь 2024-2025 онд бид нийтдээ хамгийн их ус тогтдог 25 гаруй байршилд 21км гаруй ус зайлуулах шугам шинээр угсарсан нь сүүлийн 10 жил хийгээгүй хамгийн урт, хамгийн олон байршилд хийгдсэн ажил" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!