Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Дамдинням: АМНАТ-ийг биржийн үнээр тооцдог болох түүхэн шийдвэр гаргалаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 8 сарын 20
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдсэн асуудлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох аргачлалд өөрчлөлт орууллаа. Ингэснээр ашигт малтмалын бирж болон аж ахуйн нэгжүүдээ бодитоор дэмжих юм.

Өмнө нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг /АМНАТ/ жишиг үнэ буюу бодит үнэлгээнээс хэт давсан үнээр төлдөг байсан. Тухайлбал, баяжуулсан коксжих нүүрсэн дээр 22.6 хувиар, хайлуур жоншийг 54.3 хувиар, төмрийн хүдрийг 26.6 хувийн илүү үнээр тооцож АМНАТ авдаг байсан. Түүхий эдийн үнэ өндөр үед үүнийг ААН-үүд даагаад явж байсан бол одоо алдагдалд орж эхэлсэн. Тиймээс АМНАТ-ийг ашигт малтмалыг биржийн үнээр тооцдог болох зохицуулалт руу шилжинэ гэдэг түүхэн шийдвэр гаргалаа.

Ашигт малтмалын биржийн үнээр АМНАТ-өө тооцуулъя гэж байгаа аж ахуйн нэгжүүд өөрийн гаргаж байгаа нийт бүтээгдэхүүнийхээ ¼-ийг биржээр арилжаалж чадсан бол нийт бүтээгдэхүүнд нь биржээр арилжаалсан үнийн дүнгээр тооцож АМНАТ тогтооно гэдэг зохицуулалт хийлээ.

Манай гаргаж байгаа нийт бүтээгдэхүүний дөнгөж 15.6 хувь нь биржээр орж байгаа. Өмнө нь 26.7 орчим хувь нь биржээр арилжаалагддаг байсан.

Энэхүү өөрчлөлтөөр 100 тэрбум төгрөгийн илүү орлого олно гэж тооцоолсон" гэлээ.