Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, “Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг баталсан байна.
Энэ хүрээнд Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн бүтэц орон тоог батлахдаа нэг дор 9 хувийн цомхотгол хийх биш тодорхой үе шаттайгаар тэтгэвэрт гарч байгаа, ажлаа хийхгүй, чөлөө авсан, халагдсан орон тоог цомхотгох боломжийг яамдын сайд, агентлагийн дарга нарт олгосон аж.
Түүнчлэн төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээг нийтэд ил тод болгох талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт мэдээлэл өглөө.
Тэрбээр "Төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээ наймдугаар сарын 26-наас ил тод болно. Урьд нь төрийн албан хаагчдын 99 хувь нь ажлаа сайн хийж байгаа гэж үнэлэгддэг байсан. Гэтэл иргэд төрийн албан хаагчдад 60 хувьтай хангалтгүй гэсэн үнэлгээ өгдөг. УИХ-аас яам, агентлагийн үйл ажиллагааг 60 хувьтай ажилласан байна гэж үнэлдэг. Харин Засгийн газар харьяа байгууллагуудаа 70 орчим хувьтай гэж үнэлсэн байдаг.
Хэн гэдгээс шалтгаалж үнэлгээ харилцан адилгүй байна. Тиймээс иргэдээр үнэлүүлдэг болно. Мөн тухайн төрийн албан хаагчийн үнэлгээг нээлттэй, ил тод болгосны дараа иргэд шүүмжлэх боломжтой. Иргэдээр давхар үнэлүүлснээр илүү хариуцлагатай болно.
Цаашдаа төрийн албанд сайн, хариуцлагатай ажиллаж байгаа албан хаагчийг урамшуулж дэмжинэ. Цаас зөөдөг, цаг хийдүүлдэг, дарга нарын таасны хүмүүсийг цомхотгох бодлогыг барьж ажиллана" хэмээн ярилаа.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!