Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, “Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг баталсан байна.
Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт мэдээлэл өглөө.
Тэрбээр "Манай Засгийн газар дарга нарын тоог цөөлөх ажлыг эхлүүлж байсан. Энэ хүрээнд 16 яамны 280 гаруй газар хэлтсийн даргатай байсан бол 81-ээр цөөлж, 6.3 тэрбумын хэмнэлт хийсэн. Мөн чиг үүргийн давхардалтай 29 үндэсний хороо зөвлөлийг татан буулгасан. Ингэхэд 146 орон тоо хасагдаж, 41.6 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломж бүрдсэн.
Өнөөдрийн баталсан тогтоолоор Засгийн газрын 35 агентлагийн орон тооны хязгаар 3,353 байсныг 9 хувиар бууруулж, 3,052 болгож байна. Өөрөөр хэлбэл агентлагийн газар, хэлтэс, тасаг, албадын тоог цөөлсөн.
Чиг үүргийн давхардлыг арилгахаар нийт орон тоог 301-ээр багасгасан гэсэн үг. Энэ өөрчлөлтийн үр дүнд агентлагийн газар, хэлтэс, албаны 54 даргын орон тоог цомхотгож, 10 орчим тэрбум төгрөгийн цалингийн хэмнэлт үүсгэж байна.
Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн бүтэц орон тоог батлахдаа нэг дор 9 хувийн цомхотгол хийх биш тодорхой үе шаттайгаар тэтгэвэрт гарч байгаа, ажлаа хийхгүй, чөлөө авсан, халагдсан орон тоог цомхотгох боломжийг яамдын сайд, агентлагийн дарга нарт олгож байна. Мөн агентлагууд орлогч дарга, дэд даргатай байхгүй. Хуульд заасан чиг үүрэгтэй бол орлогч болон дэд дарга нартай байна.
Агентлагийн бүтцийн нэгжийг газар, хэлтэс, алба, тасаг гэдэг байсан бол одоогоос зөвхөн газар болон хэлтэстэй байхаар өөрчилсөн. Цаашдаа төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөсөн" гэв.
Видео:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!