Шат дамжлагыг цөөрүүлэх зохицуулалтыг шинэ журмын төсөлд тусгажээ
"Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд өнөөдөр зохион байгууллаа.
Тус журмын төслийн нээлттэй хэлэлцүүлэгт гаалийн харилцаанд оролцогч иргэн, хуулийн этгээд, тээвэрлэгч, тээвэр зуучлалын байгууллага зэрэг гадаад худалдаа эрхлэгчид оролцов.
Улсын хилээр бараа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхэд мөрддөг үндсэн гол журам бол “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам” юм.
Энэхүү журмыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын “Экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр гаалийн байгууллагын зарим үйл ажиллагаанд хяналт тавих” тухай ажлын хэсгээс дээрх журмыг хэт нүсэр, олон шат дамжлагатай, гадаад худалдааг хөнгөвчилж чадахгүй байна хэмээн дүгнэсэн байна.
Мөн гаалийн байгууллагын гүйцэтгэх чиг үүрэгт хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт шалгалт хийх чиг үүрэг нэмэгдсэн, Монгол Улсын хилийн бүх боомтын импортоор оруулах барааны бичиг баримтын шалгалтыг хилийн боомт бүр дээр хийдэг байсныг Улаанбаатар хотод нэг цэгт буюу “Гаалийн бүрдүүлэлтийн цахим төв”-д төвлөрүүлэн хийдэг болсон нь энэ журмын төслийг шинэчлэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна.
Иймд Гаалийн Ерөнхий Газраас “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын төслийг шинэчлэн боловсруулж байгааг мэдээллээ.
Одоо мөрдөж байгаа журам нь 13 бүлэг харилцааг зохицуулсан, олон шат дараалалтай, баталгаажуулалт хийхээр нарийвчлан тогтоосон 198 зүйл бүхий заалттай байсныг 6 бүлэг харилцаа болгон цөөлснөөр 6 хэсэг, 105 зүйлтэй болгож багасгасан байна.\
Мөн
- Шат дамжлагыг цөөрүүлэх;
- Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх;
- Бусад байгууллагатай мэдээллийг цахим хэлбэрээр солилцох;
- Гаалийн улсын байцаагч бичиг баримтыг цаасан хэлбэрээр бүрдүүлэх, гарын үсэг зурах, баталгаажуулах үйл ажиллагааг цахим хэлбэрээр хэрэгжүүлэх;
- Гаалийн бүрдүүлэлтийн үе шат бүрд зарцуулах хугацааг тодорхой зааж оруулах;
- Улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт шалгалт хийх чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг шинэ журмын төсөлд тусгаж өгснийг Гаалийн Ерөнхий Газраас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


