Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрдэнэс Тавантолгой” ХК-тай нүүрс худалдан авах гэрээтэй ажилладаг мэтээр БНХАУ-ын компанийг хуурч, их хэмжээний хохирол учруулжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Прокурорын байгууллага 2025 оны наймдугаар сарын 11-15-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 54,167 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажилласан байна. Дээрх хугацаанд 1,121 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 685 хэрэг шинээр нээж, 174 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлджээ.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:


Ж.Ж нь “Н” ХХК-ийг ашиглан огт үйл ажиллагаа явуулаагүй атлаа татварт ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж, нэр бүхий 91 аж ахуйн нэгж, 7 иргэнд 274 ширхэг төлбөрийн баримтаар 6,921,721,880 төгрөгийн бараа, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр Татварын Ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт хийсэн буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 (мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн аж.

Б.З нь “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-тэй урьдчилан үгсэн тохиролцож, БНХАУ-ын Урадын дунд хошуунд байрлах “Ж” худалдааны ХК-ийг “М” ХХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээтэй ажилладаг мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан байна. 

Ийнхүү “...тонн нүүрс худалдах, худалдан авах тухай” гэрээг байгуулж, их хэмжээний хохирол учруулж залилсан, мөн гэмт хэргийн улмаас олсон мөнгө болох ....төгрөгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 (залилах), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 (бусдад ноцтой, эсхүл хэмжээний хохирол учруулж залилсан), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 (мөнгө угаах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлжээ.

зураг