Э.Золбаяр: “MCMC 2025” бол Монголын компаниудыг олон улсын хөрөнгийн зах зээлтэй холбох стратегийн гүүр
Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг олон улсад таниулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилготой “Mongolia’s Capital Market Connectivity” (MCMC) арга хэмжээ Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдах гэж буйтай холбогдуулан, энэхүү арга хэмжээний талаар Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ)-ны Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүн бөгөөд Капитал Маркетс Монгол (CMM) компанийн Гүйцэтгэх Захирал Э.Золбаяртай ярилцлаа.
- "Mongolia’s Capital Market Connectivity" Улаанбаатар хотноо 2025 оны 9-р сарын 12-нд анх удаа зохион байгуулагдах гэж буй чуулганы талаар ярилцлагаа эхлүүлье.
- MCMC санаачилгын түүхийг яривал, МҮЦАЭХ болон Санхүүгийн Зохицуулах Хороо хамтран хоёр жилийн өмнөөс Хонконг, Сөүл, Токио, Нью-Йорк, Шанхай зэрэг дэлхийн томоохон санхүүгийн төв болсон хотуудад Монголын хөрөнгийн зах зээлийг сурталчлах, холбох гүүрийг бий болгох ажлыг эхлүүлсэн. Нэрнээсээ тодорхой буюу “Монголын хөрөнгийн зах зээлийн холболт” гэсэн үг шүү дээ. Гол зорилго нь Монголын хөрөнгийн зах зээл бүс нутагтайгаа болон дэлхийтэй хэрхэн интеграцчилагдаж, холбогдох вэ гэдэгт чиглэсэн.
“2023 оноос Хонконг, Сөүл, Токио, Нью-Йорк, Шанхайг дамжин Монголын хөрөнгийн зах зээлийг таниулсан MCMC, энэ удаа Улаанбаатарт буухиагаа үргэлжлүүлнэ.”
Дэлхийд хөрөнгийн зах зээл хөгжөөд 300 жил болсон байна. Орчин үед техник технологи, дижитал хөгжил хурдсаж, олон улсын зах зээлүүд хоорондын "Connectivity" буюу холболт маш өндөр түвшинд хөгжсөн. Монгол Улс ч гэсэн энэхүү холболтод нэгдэх зайлшгүй шаардлагатай. Нөгөө талаас, манай уул уурхайн компаниудын ихэнх нь гадаадын биржид бүртгэлтэй, томоохон банкууд маань саяхан Монголын Хөрөнгийн Биржид гарлаа.
Гэвч манай биржийн багтаамж жижиг учраас компаниудад гадагшаа гарах, давхар бүртгэл хийлгэх хэрэгцээ бий. Үүний тулд бид өөрсдийгөө гадаадад таниулж, үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчид, ҮЦК-ууд маань ч олон улсад сүлжээтэй болох ёстой. Энэ нь дэд бүтцийн болон гол тоглогчдын (ҮЦК, хөрөнгө оруулагчид) түвшинд хоёр талын холболтыг шаардаж байгаа юм. Хамгийн наад зах нь "зөөлөн хүчний бодлого" гэдэг шиг Монголыгоо таниулах хэрэгтэй. Ийм зорилгоор MCMC арга хэмжээг сүүлийн хоёр жил олон улсын санхүүгийн төвүүдээр зохион байгуулж ирсэн.
Харин энэ жил Улаанбаатарт анх удаа хийх гэж байгаагийн онцлог нь хоёр зүйлтэй холбоотой. Нэгдүгээрт, Азийн Үнэт Цаасны Форум (ASF) Монголд анх удаа, түүхт 30 дахь Ерөнхий чуулганы хүрээнд зохиогдож байна. Энэ нь манай МҮЦАЭХ-ны 30 жилийн ойтой давхцаж байгаа бөгөөд ASF-ийн ч мөн 30 дахь удаагийн Ерөнхий чуулган гэдгээрээ цаг хугацааны хувьд ихээхэн бэлгэдэлтэй. Энэ үеэр Азийн болон Европын үнэт цаасны зах зээлийн топ мэргэжилтнүүд Монголд чуулах тул энэ боломжийг ашиглан MCMC арга хэмжээгээ зохион байгуулахаар шийдсэн.
Хоёрдугаарт, бид олон улсад MCMC-г нэлээдгүй зохион байгуулсан туршлагадаа тулгуурлан, үр дүнгээ нэгтгэн базаж, Монголдоо олон улсын зочдыг урьж, томоохон арга хэмжээ хийхээр зорьж байна. Ийм цогц, өндөр түвшний арга хэмжээ Монголд өмнө нь нэг их болж байгаагүй байх.
“Нэр хүндтэй Азийн Үнэт Цаасны Форумын түүхт 30 дахь Ерөнхий чуулган нь MCMC арга хэмжээтэй хамт Улаанбаатарт зохион байгуулагдана.”
- Энэ жилийн арга хэмжээ Азийн Үнэт Цаасны Форумын (ASF) 30 жилийн ойтой давхцаж байгаа нь MCMC-ийн ач холбогдолд хэрхэн нөлөөлөх бол?
- Азийн Үнэт Цаасны Форумд Азийн 15 гаруй улсын 50 орчим томоохон зах зээлийн холбоод, байгууллагуудын төлөөлөгчид ирнэ. Тэр холбоодын цаана маш олон компаниуд, хөрөнгө оруулагчид бий. Тиймээс энэ нь нэгдүгээрт, Монголыг олон улсад, олон зах зээлд таниулах том завшаан болж байна. Хоёрдугаарт, ASF-д оролцож буй зарим байгууллага нь олон улсын зах зээл дээрх бонд, хувьцааны дагалдах дүрэм журмыг боловсруулдаг, маш нөлөө бүхий байгууллагууд байдаг.
Эдгээр эрхмүүд Монголд ирж байхад нь бид MCMC арга хэмжээгээрээ дамжуулан нэмэлт хөрөнгө оруулагчдыг урьж, Монголын компаниудтай болон Монголын Хөрөнгийн Биржтэй биечлэн танилцах, судлах боломжийг олгож байгаа юм. ASF нь өөрөө арай хаалттай, дотоод хүрээнд болдог бол MCMC-г давхар зохион байгуулж буй зорилго нь эдгээр мессежийг илүү нээлттэйгээр хүргэх, олон нийтэд чиглэсэн арга хэмжээ хийх явдал юм. ASF-д илүү мэргэжлийн хүмүүс оролцдог бол MCMC дээр бид эдгээр боломжуудыг илүү өргөн хүрээнд танилцуулна.
- Яг ямар улсын ямар төрлийн хөрөнгө оруулагчид ирэх вэ? Мөн “Mining Week 2025”-тай хэрхэн уялдах вэ?
- Монголын хоёр гол салбар бол банк, санхүү болон уул уурхай. MCMC арга хэмжээнд бид энэ хоёр салбарыг онцолж байна. Жишээлбэл, дотоодод хувьцаагаа гаргасан банкнууд маань одоогоор Лондон зэрэг олон улсын биржүүд дээр давхар бүртгэл хийлгэхээр ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Лондоны хөрөнгийн биржийн төлөөлөгчид ирж оролцоно. Уул уурхайн хувьд “Mining Week 2025” арга хэмжээтэй зэрэгцэж байгаа нь маш том синерги үүсгэж байна. Австрали, Канадын бирж дээр бүртгэлтэй олон Монгол компани бий. Гэхдээ Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах, олон нийтэд илүү ил тод байх боломж ч бас тэдэнд бий. Энэ бол зөвхөн санхүүжилт босгох асуудал биш, харин баялгийн тэгш хуваарилалт, олон нийтийн оролцоог хангах зам юм.
- MCMC-д оролцсоноор Монголын компаниуд яг ямар боломжуудыг олж авч чадах вэ?
- Гол нь бодит мэдээлэл авах, зөвлөх үйлчилгээний холболт хийх, уулзалт товлох, туршлага солилцох гээд маш практик тал дээр үр дүнтэй. Энэ арга хэмжээнд олон улсын биржүүдийн мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид, үнэт цаасны мэргэжлийн зуучлагч нар ирнэ. Тэдгээртэй харилцах замаар компаниуд IPO хийх, бонд гаргах, давхар бүртгэлтэй болох талаар шууд мэдээлэл авч чадна.
Үүнээс гадна дотоодын бодлого боловсруулагч нар, зохицуулагч байгууллагууд, дэд бүтцийн байгууллагууд, үнэт цаасны компаниуд өргөнөөр оролцох тул нэг газарт, нэг цагт бүх талыг уулзуулж буйгаараа өндөр ач холбогдолтой юм.
- Энэхүү МСМС санаачилгын ирээдүйг хэрхэн харж байна вэ? Ямар урт хугацааны нөлөө үзүүлнэ гэж үзэж байна?
- Юуны өмнө, бид зөвхөн биржүүдийг урихаас гадна, томоохон хөрөнгө оруулалтын сан, банк, үнэт цаасны компаниуд, зуучлагч этгээдүүдийг авчрахыг зорьж байгаа. Учир нь Монголын компаниуд олон улсын хөрөнгө оруулагчидтай шууд холбогдоход бэрхшээлтэй байдаг. Дунд нь эдгээр мэргэжлийн зуучлагчид байж гэмээнэ тэдгээр хөрөнгө оруулагчдад Монголын зах зээл, компаниудын талаарх мэдээлэл хүрч, боломжууд нээгддэг. Бидний гол зорилго бол эдгээр мэргэжлийн оролцогчдыг авчирч, Монголын зах зээл, компаниудтай танилцуулах явдал юм. Хүмүүс ийм арга хэмжээгээр шууд хөрөнгө оруулагчтай уулзаад л мөнгө авчих юм шиг боддог ч, бодит байдал дээр хөрөнгө оруулалт хийгдэхийн тулд маш олон шат дамжлага, мэргэжлийн оролцогчдын үүрэг байдаг.
MCMC-ийн цаашдын ирээдүйн тухайд, энэ бол тасралтгүй үргэлжлэх үйл явц. Монголын хөрөнгийн зах зээл сүүлийн 5 жил хурдацтай хөгжиж байгаа ч олон нийт, бизнесийнхэн, бодлого боловсруулагчдын дунд ч ойлголт дутмаг хэвээр байна. Тиймээс бид энэ арга хэмжээг гадагшаа болон дотогшоогоо тогтмол хийж, бусад улс орны туршлагаас суралцах, Монголдоо юу хийх ёстойгоо мэдэж авахыг зорьдог. Энэ бол зөвхөн СЗХ, эсвэл МХБ-ийн ажил биш, харин Засгийн газар, Сангийн яам, компаниуд гээд бүх талуудын оролцоотой багийн ажил юм.
Урт хугацаандаа салбараараа зөв бодлого, төлөвлөгөө гаргаж, хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх нь чухал. Хөрөнгийн зах зээл гэдэг зөвхөн нэг улсын хүрээнд яригдахаа больж, дэлхийн хэмжээнд холбогдсон, глобалчлагдсан зах зээл болсон. Энэхүү "connectivity" буюу холболт нь хэд хэдэн түвшинд явагдана: дэд бүтцийн (бирж, клиринг, кастодиан), мөн оролцогч талуудын (хөрөнгө оруулагчид, брокерууд, компаниуд) түвшинд. Эдгээр холболтыг сайжруулж, нэг нэгнээ илүү сайн мэдэж байж л бодит хэлцлүүд хийгдэнэ. MCMC эдгээр хоёр төрлийн холболтыг л сайжруулах, нэмэгдүүлэх зорилготой.
“Банк санхүү, уул уурхайн салбарыг онцолж байгаа тул эдгээр салбарын хувийн хэвшлийн томоохон төлөөлөгчид, ялангуяа олон улсын зах зээлд гарах сонирхолтой эсвэл аль хэдийнэ гарсан компаниудыг урьж байна”
- Энэхүү чухал арга хэмжээг хэн зохион байгуулж, ямар байгууллагууд оролцох боломжтой вэ? Ер нь энэ арга хэмжээний ач холбогдлыг дахин нэг товч дүгнэвэл?
- MCMC Ulaanbaatar 2025” арга хэмжээг Санхүүгийн Зохицуулах Хороо санаачлан, Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо хамтран 2025 оны 9-р сарын 12-нд Шангрилад зохион байгуулна. Бид түрүүн дурдсанчлан банк санхүү, уул уурхайн салбарыг онцолж байгаа тул эдгээр салбарын хувийн хэвшлийн томоохон төлөөлөгчид, ялангуяа олон улсын зах зээлд гарах сонирхолтой эсвэл аль хэдийнэ гарсан компаниудыг урьж байна. Мөн санхүүгийн зах зээлийн орчны бодлогыг тодорхойлдог төрийн байгууллагын төлөөллийг ч урьж байгаа. Олон улсаас хөрөнгө оруулагчид, мэргэжлийн оролцогчид, биржүүдийн төлөөлөл хүрэлцэн ирнэ.
Энэхүү арга хэмжээний гол ач холбогдол нь Монголын компаниудыг олон улсын хөрөнгийн зах зээлтэй холбох, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн нэр хүндийг дэлхийд өргөх, улмаар эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулах стратегийн чухал индэр болж өгнө гэдэгт итгэлтэй байна.
- Ярилцлага өгсөнд танд баярлалаа. Удахгүй болох арга хэмжээг хамтдаа зохион байгуулж буй Санхүүгийн Зохицуулах Хороо болон Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоонд ажлын амжилт хүсье.
- Та бүхэнд баярлалаа.
👉 Арга хэмжээнд оролцох болон бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягуудаас авах боломжтой:
🌐 mcmc2025.masd.mn
📧 info@masd.mn
☎️ 7012-3339
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
