Америкийн Нэгдсэн Улс(АНУ) гадаад тусламжийн хөтөлбөрүүдээ сайтар хянан үнэлсний дараа Мянганы Сорилтын Корпорац (МСК), Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан Усны компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.
Хувийн хэвшил болон эдийн засгийн өсөлтийг дэмждэг тус хөтөлбөрийн санхүүжилт энэ шийдвэрээр баталгаажлаа. Дэлхий даяар тогтвортой байдал, бизнесийн өсөлтийг дэмжсэн, хугацаат хөрөнгө оруулалт хийснээр Америкийн ард түмний аюулгүй, бат бэх байдал, хөгжил цэцэглэлтэд нааштай нөлөөлж байдаг.
Америкийн ард түмний өгөөмөр тусламж болох 350 сая ам.доллар (1.2 их наяд төгрөг), Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт болох 112 сая ам.долларын хамтарсан санхүүжилт бүхий Усны компакт гэрээ нь АНУ болон Монгол Улсын стратегийн хамтын ажиллагааны тулгуур багана юм.
Tetra Tech, AECOM зэрэг Америкийн компаниуд томоохон бүтээн байгуулалтын зураг төсөл, хяналтын ажлыг тэргүүлэн гүйцэтгэж, АНУ-ын усны дэд бүтэц, инженерчлэл, технологийн чиглэлээрх туршлага, чадавхыг компакт хөтөлбөрийн хүрээнд нутагшуулж байна. Дэлхий дахины хөгжилд тулгарч буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд Америкийн компаниудын авчирч буй чанар, инновац, мэргэжлийн манлайллыг эдгээр төсөл тод томруун харуулж байна. Мянганы Сорилтын Корпорац бүх багц төслүүдийнхээ хүрээнд нийт 1.4 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий гэрээг Америкийн компаниудтай байгуулсан нь тогтвортой дэд бүтцийн шийдлийг хэрэгжүүлэхэд Америкийн хувийн хэвшлийн оруулж буй хувь нэмэр хэр чухал байгааг илтгэж байна.
Монгол Улсад тулгамдаж буй найдвартай ус хангамжийн хэрэгцээ шаардлагыг шийдвэрлэснээр уг компакт нь эдийн засгийн урт хугацааны өсөлт, бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, Монгол Улс худалдаа, хөрөнгө оруулалтын найдвартай түнш болох нөхцөлийг бүрдүүлж байна. Тус хөтөлбөр нь хоёр улсын аль алинд нь бодит өгөөжтэй байж, үр дүнд суурилсан, өртөг зардал хэмнэсэн түншлэлийг дэмжин, АНУ-ын гадаад манлайллыг бэхжүүлдэг.
Элчин сайд Ричард Буанган төслийн үйлдвэрт зочлох үеэрээ Мянганы Сорилтын Корпорацын Усны компакт гэрээ нь Монгол Улсын хөгжил дэвшилд АНУ-ын оруулж буй хувь нэмэр, хамтын ажиллагааны тод жишээ болж, Энэтхэг – Номхон Далайн бүсэд иргэд олон нийт рүү чиглэсэн бүтээн байгуулалтын хамгийн том төслүүдийн нэг болсныг онцлов.
“Энэхүү цогц хөтөлбөр нь хүн амын дийлэнх нь оршин суудаг нийслэл Улаанбаатар хотын иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд ус хангамжийн урт хугацааны найдвартай бөгөөд тогтвортой байдлыг бүрдүүлж, Монгол Улсын бие даасан байдал, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад чиглэсэн хөгжлийн бодлогыг урагшлуулах юм. Дэд бүтцэд өндөр нөлөө үзүүлэх энэхүү хөрөнгө оруулалт нь Монгол Улсыг худалдаа, бизнесийн найдвартай түншийн байр сууринд хүргэхэд туслах болно” хэмээн Элчин сайд Ричард Буанган хэллээ.
Монголчууд, америкчууд хамтдаа эдийн засгийн хөгжил, нөөцийн хариуцлагатай менежментийг чухалчилж, харилцан ашигтай өсөлт хөгжлийн шийдлүүдийг урагшлуулж байна.
Эх сурвалж: АНУ-ын Элчин Сайдын Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!