Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

"The MongolZ" баг шөвгийн дөрөвт дэлхийн аварга Францын "Team Vitality"-ийг хожлоо

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн BLAST Bounty Fall 2025 тэмцээн Бүгд Найрамдах Мальта Улсад үргэлжилж байна. 

Тус тэмцээний шөвгийн наймд манай улсын "The MongolZ" баг Туркийн "Aurora Gaming" багтай "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 2:0 онооны харьцаатай хожсоноор шөвгийн дөрөвт шалгарсан билээ. 

Тэгвэл өнөө шөнө шөвгийн дөрөвт дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Францын "Team Vitality" багтай Во3 журмаар тоглож, 2:0 онооны харьцаатай хожлоо. Өнөөдрийн тоглолтод манай баг өөрсдийн сонгосон "Mirage map" дээр 13:7, эсрэг багийн сонгосон "Inferno map" дээр 13:11 онооны харьцаатай хожив.

Ийнхүү 500 мянган ам.долларын шагналын сантай BLAST Bounty Fall 2025 тэмцээний аварга төлөө ОХУ-ын "Team Spirit" багийн эсрэг маргааш 22:00 цагаас "Во5" журмаар тоглохоор болж байна. 

Түүнчлэн манай улсын тамирчид Францын "Team Vitality" багтай өнгөрсөн хугацаанд есөн удаа учраа таарч тоглохдоо хожиж байсангүй. Харин энэ удаад ялалт байгуулснаар ес дараалсан хожигдлыг зогсоолоо.