Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн/ЭХЭМҮТ/ автобусны буудал орчмыг зайгүй болгож барилга барих гэж буй болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордны/МҮЭСТО/ зогсоол дээр барьж буй барилгын асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Хот байгуулалт, хотын стандартын газрын мэргэжилтэн н.Анхтөр "Баянгол дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Билэг их дэлгүүрийн зүүн талд төв зам дагуу байрлаж байгаа "Сансаратрейд" ХХК-д нийслэлийн Засаг даргын 2014 оны болон 2018 оны захирамжаар газрын гэрчилгээ олгосон байдаг. Уг гэрчилгээг үндэслэж 2017 онд архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус ААН-д олгосон байна.
2018 онд Хот байгуулалт хөгжлийн газраас "Сансаратрейд" ХХК-д загвар зургийг баталж өгч, тус компани 2019 онд анх барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авч байсан. Тус компани баримт бичгийн бүрдлээ хангаж, 2025 онд дахин барилгын ажлын зөвшөөрлийг авчээ.
Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордны зүүн талд "Луминари" ХХК болон МҮЭ-ийн соёл, сургалт, үйлчилгээний барилгатай холбоотой мэдээллийн тухайд тус газарт НЗД-ын 2022 он болон 2016 оны захирамжаар барилга байгууламж төлөвлөгдсөн. 2023 онд "Луминари" ХХК болон МҮЭХ-нд архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгож, 2023 оны гуравдугаар сард соёл, сургалт, үйлчилгээний зориулалттай барилгын загвар зургийг баталсан байна.
Тус газар нь хуулийн дагуу 2021 болон 2025 онд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авч байсан" хэмээн танилцуулав.
Барилгын тухай хуульд баримт бичгийн бүрдлийг хангуулан барилгын ажлын зөвшөөрлийг олгодог байна.
Үргэлжлүүлэн "УБДС ТӨХК, Ус сувгийн удирдах газар, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-аас "Сансаратрейд" ХХК-д олгосон. 2019 онд тус компани барилгын зургийн магадлалын ерөнхий дүгнэлт буюу Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газартай зөвшилцөж, дүгнэлт гаргуулж Барилгын хөгжлийн төвөөр магадлуулсан.
Тухайн холбогдох байгууллагуудтай хамгаалалтын зурвасыг шилжүүлэх талаар "Сансаратрейд" ХХК зөвшилцөх боломжтой.
"Сансаратрейд" ХХК нь Билэг их дэлгүүрийн зүүн талд төв зам дагуу дөрвөн давхар үйлчилгээний барилгыг барих зөвшөөрөл авсан. НЗД-ын захирамжаар 246 м.кв газрыг тус компанид олгосон.
"Юнимед" эмнэлгээс ирүүлсэн бичиг баримтыг судалж дүгнэлт гарна. Хяналт шалгалтын эрх бүхий албан тушаалтан зай хэмжээ, норм дүрэм алдагдсан болон инженерийн шугам сүлжээ нь болохгүй зэрэг дүгнэлт ирүүлбэл барилгын ажлын загвар зургийг цуцлах боломжтой. "Сансаратрейд" ХХК барилгын ажлын зөвшөөрөл авсан тул ажлаа эхлэх боломжтой" гэлээ.
Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.
Сэтгүүлч: Автобусны буудал дээр жижигхэн талбай дээр, замын хажууд барилга барьж, иргэд дэргэдүүр нь зорчиж байна. Барилга барьж байх явцад хүний толгой дээр юм унавал хариуцлагыг хэн хүлээх вэ?
- Барилгын тухай хуульд зааснаар төсөл хэрэгжүүлж байгаа иргэн, ААН барилгын талбайн эрүүл, аюулгүй байдал, орчны хөдөлмөр хамгааллыг сахиулж ажиллах ёстой.
Сэтгүүлч: Олон нийтийн сүлжээнд МҮЭ-ийн газар, цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур, авто зогсоол байсан газар дээр барилга барьж байна гэсэн эргэлзээ байна.
-"Луминари" ХХК-ийн хувьд 2016 онд зогсоол буюу нийтийн эзэмшлийн талбай гэж буй газрыг НЗД-ын захирамжаар эзэмшихээр авсан байдаг. МҮЭ-ийн Соёлын төв ордон газрыг эзэмших 2022 оны захирамжтай. Тус хоёр байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу манай байгууллагаас 2023 онд соёл, сургалт, үйлчилгээний зориулалттай барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар буюу барилгын зөвшөөрөл олгосон.
17 давхар уг барилгын загвар зургийг 2023 онд батлуулсан байдаг.
Сэтгүүлч: Хотын төвд таван давхраас дээш өндөртэй барилга барих зөвшөөрөл олгож байгаа юу?
- Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний чиг хандлага гэсэн бодлогын баримт бичигт бүсчлэлүүдийг зааж өгсөн байдаг. Тухайн байршил ямар бүсчлэлд хамрагдаж байгаагаас шалтгаалан барилгын давхрын тоо, зориулалтыг заасан.
Сэтгүүлч: Нэгдүгээр эмнэлгийн эсрэг талд авто зогсоолгүй 22 давхар орчим барилга ашиглалтад орж байна. Эмнэлгээр үйлчлүүлэх гэж байгаа иргэд автомашинаа тавих зогсоолгүй ачуулдаг асуудал бий. Гэтэл одоо тус барилга ашиглалтад орохоор эмнэлгээр үйлчлүүлэх гэж байгаа иргэдийн асуудал авто зогсоол хүндэрнэ.
-Энэ нь газар олголт, архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийн дагуу дарааллаараа явж байгаа асуудал.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!