Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ю.Отгонбилэг: Алдарт эхийн одонгийн тэтгэмжид 2026 онд ₮68 тэрбумыг зарцуулахаар байна

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна. 

Энэ үеэр "Нийгмийн халамжийн сангийн өнөөгийн нөхцөл байдал ба цаашид авах арга хэмжээ"-ний талаар Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Ю.Отгонбилэг дараах мэдээллийг танилцуулсан юм. 



Нийгмийн халамжийн зардалд 2024 онд 2.3 их наяд төгрөг зарцуулжээ. Энэ зардал нь

  • Дотоодын Нийт Бүтээгдэхүүний 3.2 хувь
  • Улсын нэгдсэн төсвийн 9.1 хувийг эзэлж байгаа юм. 

Түүнчлэн дээрх зардлын 73.6 хувь буюу 1.7 их наяд төгрөгийн 1.5 их наяд нь хүүхдийн мөнгөнд зарцуулагдаж буй. 

Алдарт эхийн одонгийн тэтгэмжийн тухайд 2024 онд 32 тэрбум төгрөг зарцуулж байсан бол холбогдох хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор 2026 онд 68 тэрбум төгрөг зарцуулахаар хэмжээ нь нэмэгдсэн байх жишээтэй.

Хүн амын өсөлтийг дэмжихэд чиглэсэн тэтгэмжид дээр дурдсан зардлын 73.6 хувь зарцуулагдаж байгаа юм.

Үлдсэн 26.4 хувь нь буюу 600 тэрбум төгрөг нь нийгмийн халамжийн зорилтот хэсэгт зарцуулагдаж байна.

600 тэрбум төгрөгийг дахиад харвал 530 тэрбум төгрөг буюу 88.4 хувь нь зөвхөн нийгмийн халамжийн тэтгэвэр асаргааны тэтгэмжид зарцуулагдаж байгаа юм.

Түрүүн хэлсэнчлэн зорилтот хэсэг буюу хүн амын өсөлтөөс бусад 600 орчим тэрбум төгрөгийн задаргааг танилцуулъя.

Өөрөөр хэлбэл халамжийн сангийн зардал хэнд очдог вэ?

  1. Ахмад настан
  2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
  3. Тэжээгчээ алдсан 0-18 насны хүүхэд
  4. Бүтэн өнчин хүүхэд
  5. Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх
  6. Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ гэх зорилтот бүлэгт очно. 

Нийгмийн халамжийн шинэчлэлийг хийхээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас

  • Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  • Гэр бүлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад яамны вэб сайтад тавьж, олон нийтийн саналыг авч байгаа.

Эдгээр хуулийн хүрээнд хүн амын өсөлтийг дэмжихэд чиглэсэн эх, хүүхдэд чиглэсэн бодлогыг халамжийн бодлогоос салгаж Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуульд тусгасан.

Халамжийн тухай хуульдаа яг зорилтот бүлэгт чиглэсэн шинэчлэлүүдийг хийхээр тусгасан хуулийн төсөл дээр ажиллаж байгааг Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Ю.Отгонбилэг хэллээ.