Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

X хорооллын туслах замын доор байрлах дулааны шугамын гэмтлийг ямар байгууллага засах нь одоог хүртэл тодорхойгүй байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 8 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн сарын 28-наас хойш Баянгол дүүргийн 5 болон 30 дугаар хороонд халуун ус тасарсан байна. Тодруулбал X хорооллын зарим иргэд сүүлийн 10 гаруй хоног халуун усны бараа хараагүй аж. 

Уг нь Улаанбаатар Дулааны Сүлжээ (УБДС) төрийн өмчит компаниас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд батлагдсан энэ онд хийгдэх дулааны шугам сүлжээ, тоноглолд засвар хийх хуваарьт Баянгол дүүргийн дээрх хороонууд хамрагдаагүй. 

ДУЛААНЫ ШУГАМЫН ЗАСВАР ХИЙХ ХУВААРИЙГ ЭНДЭЭС ХАРНА УУ!

Баянгол дүүрэгт тавдугаар сарын 15-наас 29-нийг дуустал 8а магистраль буюу Кёкүшюзан товер, UB Palace, Баянгол дүүргийн цагдаа болон Төмөр замын коллеж орчмын хэрэглэгчид дээрх хуваарьт орж буй.

Баянгол дүүргийн 5 хорооны байршил:

зураг
 

Баянгол дүүргийн 30 дугаар хорооны байршил:

зураг
 

Үндэсний статистикийн мэдээллийн нэгдсэн сангаас шүүж үзэхээр Баянгол дүүргийн 5 дугаар хороонд 2024 оны байдлаар 2,344 өрх, 30 дугаар хороонд 1,843 өрх бүртгэгджээ.

Тухайлбал 4,187 өрх хэзээнээс халуун устай болох нь тодорхойгүй нөхцөлд амьдарч байна.

Гэмтсэн шугам нь X хорооллын туслах авто замын доор буюу Номин их дэлгүүрийн урд хэсэгт байрлаж байгааг албаныхан мэдээлэв. Гэвч ямар байгууллага хариуцаж, засвар гүйцэтгэх нь өнөөг хүртэл тодорхойгүй байгаа аж.

Уг нь Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ)-ын өмчид бүртгэх 2009 оны тогтоолоор уг байршлыг Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Удирдах Газар (ОСНААУГ)-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 14-д бүртгэгдсэн. 

Энэ талаар УБДС-ын Шуурхай удирдлагын албанаас утсаар тодруулахад "Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Удирдах Газар (ОСНААУГ)-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 14-ын хариуцаж буй. Гэтэл ямар шалтгаанаар юм мэдэхгүй тус байгууллагаас маргаан үүсгэсэн. Манай харьяанд байдаг төвийн шугамд гэмтэл гарсан бол шөнийн бригад зохион байгуулаад маргааш нь гэмтлийг хэвийн болгодог.

Бид тус байгууллага руу албан бичиг явуулахдаа тогтоолыг нь бас хавсаргасан" гэж ярилаа.

Харин ОСНААУГ-ын албатай холбогдож чадсангүй.