Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Монгол Улсын ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Б.Даваадалай томилогдсон байна. Г.Занданшатартай нутаг нэг тэрбээр 2024 оны УИХ-ын I тойрогт МАН-аас нэр дэвшиж байв.
Монгол Улсын 2026 оны төсвийн ил тод, нээлттэй хэрэгжүүлэхээр тодорхой үүргийг Ерөнхий сайд өгсөн юм. Энэ талаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Даваадалай "Ерөнхий сайд 2026 оны төсвийг иргэдийн оролцоог дээд зэргээр хангахыг Засгийн газрын гишүүдэд онцгой анхааруулж, үүрэг, чиглэл өглөө.
Төсвийн төлөвлөлт, хуваарилалт гээд бүх үе шатыг олон нийтийн оролцоог хангах хуулийн заалт бий. 2026 оны төсөвт Г.Занданшатар сайдын тэргүүлж буй Засгийн газар хүний хөгжлийг хамгийн том төсөл болгож зарласан.
Мөн Төрийн бүтцийг цомхон, төрийн албанд шинэчлэл хийх, төрийн өмчийн компаниудын зохистой засаглалтай болгох, тоог нь цөөрүүлэх гэх зэрэг олон бодлого дэвшүүлсэн.
Яг энэ хүрээнд Яам болгоноос олон нийтээс хоёр үе шаттай санал авахыг онцгойлон анхааруулж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахыг сайд нарт чиглэл өглөө.
Ерөнхий сайд дөрвөн чиглэл өгсөн.
- Тодруулбал 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа иргэдийн оролцоог дээд зэргээр хангаж, олон нийтийн хэлэлцүүлгийг хоёр үе шаттай зохион байгуулна. Наймдугаар сарын 1-нээс цахимаар иргэдээс санал авахыг үүрэг болгосон. Наймдугаар сарын 15-нд Сангийн Яамнаас Засгийн газарт төсвийн төслийг өргөн барих ёстой. Энэ хүртэл ард иргэд, аж ахуйн нэгжээс тодорхой саналыг тусгасан байх үүрэг өгсөн. Үүний дараа есдүгээр сарын 1-нд Улсын Их Хурал (УИХ)-д төсвийг өргөн барина. Энэ хүртэл танхимаар иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулна.
- Хоёрдугаарт байнгын ажиллагаатай иргэдээс санал авах тогтолцоог бүрдүүлнэ. E-Mongolia цахим сүлжээгээр болон 11-11 гар утасны аппликэйшн болон цахим хуудас, шуурхай утас ажиллуулах байдлаар бүх боломжит хувилбараар иргэдээс санал авахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг өгсөн.
- Наймдугаар сард 14 хоногийн хугацаанд иргэд, иргэний нийгмийн байгууллагууд төсвийн тухай хуулийн 10.2-т заасанчлан төсвийн тогтвортой байдлын зөвлөл, төрийн аудитын байгууллага болон, төсөв хариуцах бүх төрийн албан тушаалтнуудтай Сангийн Яам нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Иргэдийн дунд ирэх жил хамгийн их тулгамдаж байгаа асуудлыг шийдэх, эрэмбэлэх шаардлагатай. Хувийн хэвшил, иргэдийн хэвийн үйл ажиллагааг дэмжихэд яаж дэмжлэг үзүүлэх вэ гэдэгт анхаарч байна.
- Сүүлийн чиглэл нь хэлэлцүүлгээс гарсан эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой тэр дундаа олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулдаг зарим зардлыг бууруулах, эрэмбэлэхэд онцгой анхаарал хандуулахыг үүрэг болгосон" гэв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!