Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Тэтгэврийг тухайн жилийн инфляцтай уялдуулж шууд нэмэх хуультай. Тэр дагуу явна

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулах ажлын явц, төлөв байдлын талаар өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хурлын үеэр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "2026 оны төсвийн суурь тоонуудыг Эдийн Засаг, Хөгжлийн Яам(ЭЗХЯ)-наас наймдугаар сарын 10-н гэхэд ирүүлэх учиртай. Наймдугаар сарын 15-наас төсвийн талаар олон нийтээс санал авч, ЭЗХЯ-наас ирүүлэх төсвийн хүрээний эцсийн тоонуудад багтааж, Засгийн газарт хүргүүлэх үүрэгтэй. 

2025 оны төсвийн тодотголоор батлагдсан орлого, зарлагын хязгаараас 2026 оны төсөв хэтрэхгүй. Уул уурхайн түүхийн эдүүдийн үнийн савлагаа ихтэй байгаа энэ үед уг салбараас орлогоо бүрдүүлдэг хөгжиж буй орнууд төсвийн хэмнэлттэй, мөнгөний бодлогын хүрээнд хатуу төлөвтэй байхаар байна.

Төсөв хязгаартай, өсөлт удаашрах жилүүдэд нийгмийн зорилтот бүлгийг эдийн засаг, нийгмийн донсолгоонд хамгийн бага өртүүлэхийг бодлогынхоо цөмд оруулна. Мөн 2026 оныг "Хүний хөгжил, боловсролын жил" болгохоор хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан. 

Зардлын хувьд урсгал зардлыг 25 хувьд багтаана гэж хязгаарласан. Төрийн, төсвөөс санхүүждэг үйлчилгээ, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг аль болох хувийн хэвшлээр хийлгэх, бизнесийн шинэ орчныг нээж өгөх нь хөгжлийн төлөвлөгөөнд багтсан гол зорилт. 

2024 оноос эхлэн тэтгэврийг тухайн жилийн үнийн өсөлт, инфляцтай уялдуулан шууд нэмдэг хуультай болсон. Энэ дагуу явна

Урсгал зардал дээр бодлогын орон зай маш багатай. Хүчин төгөлдөр мөрдөж буй 200 гаруй хуулийн хүрээнд төсвийг зардлаар нь нэгэнт хуваарилсан байдаг. Үүнийг хязгаарлагдмал төсвийн хүрээнд яаж багтаах вэ гэдэг нь Засгийн газрын томоохон сорилт юм" гэлээ.

https://www.facebook.com/iKonNews/videos/1281399210110586