Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн (хуучнаар Нарны Титэм) барилгын “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах нийт 1,222 ам метр талбайг өнгөрсөн дөрөвдүгээр сард нийслэлийн өмчид буцаан авсан билээ.
Ташрамд дурдахад “Баруун Сэлбэ” төв нь 1991 онд худалдааны төвийн зориулалтаар ашиглалтад орсон. УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоолоор нийслэлийн өмчид шилжин ирсэн бөгөөд НӨХГ-ын балансад бүртгэлтэй байсан. Улмаар 2004 оноос тус төвийн түрээслэгч нарт түрээсэлж буй талбайг нь хувьчилж эхэлсэн бөгөөд 14 иргэн, аж ахуйн нэгжид хувьчилсан.
Харин “Улаанбаатар радио” ХХК-ийн эзэмшиж байсан 1,222 ам метр талбайг түрээсийн давуу эрхээр хувьчилж авсан нь шүүхээр хүчингүй болсон тул нийслэлийн өмчид буцаан авсан юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!