Пүрэв гарагт Тайланд, Камбожийн маргаантай хилийн бүсэд зэвсэгт мөргөлдөөн гарсны улмаас 12 хүний амь үрэгдсэнийг Бангкокийн эрх баригчид мэдээлжээ.
Зүүн Өмнөд Азийн хөрш орнуудын хооронд зуу гаруй жилийн өмнө үүссэн хилийн маргаан ноцтой нөхцөл байдалд хүрснийг энэ үйл явдал харуулж байна.
Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь Тайландын гурван мужийн энгийн иргэд байсан гэнэ. Мөн хэд хэдэн хүн шархаджээ.
Камбожийн тал одоогоор ямар нэг хохирол амссанаа зарлаагүй байна.
Талууд Пүрэв гарагийн үүрээр түрүүлж гал нээснээр мөргөлдөөнийг эхлүүлсэн гэж нэг нэгнээ буруутгажээ.
Камбожийн талаас пуужин харвасны дараа цэргийн байрлалуудад нь хариу агаараас довтолсноо Тайландын эрх баригчид мэдээлсэн байна.
Хоёр улсын аль аль нь хилийн бүсээс нүүхийг иргэддээ зөвлөсөн бол Тайландын тал 40,000 орчим иргэнээ зохион байгуулалттай нүүлгэн шилжүүлжээ.
Мөргөлдөөн хэрхэн өрнөснийг хоёр тал өөр өөрийн хувилбараар тайлбарлаж байна.
Тухайлбал Камбожийн тал эхлээд цэргүүдийнх нь шилжилт хөдөлгөөнийг ажиглах зорилгоор нисгэгчгүй онгоц илгээсэн гэж Тайландын тал тайлбарлажээ.
Харин Камбожийн тал Тайландын цэргүүд өмнөх тохиролцоогоо зөрчин хилийн ойролцоох Кхмер-Хиндү сүмд нэвтэрснээс мөргөлдөөн эхэлсэн гэж тайлбарласан байна.
Зуу гаруй жилийн өмнө Францын колоничлогчид Камбожийг эзэлсний дараа хоёр улсын хооронд маргаантай хилийн шугам анх тогтож байжээ.
2008 онд энэ бүсэд оршдог 11 дүгээр зууны үеийн сүм хийдийг Камбожийн эрх баригчид Юнескогийн дэлхийн өвд бүртгүүлэхийг оролдоод Тайландын эсэргүүцэлтэй тулгарч байв.
Олон жилийн турш энд үе үе зэвсэгт мөргөлдөөн гарахад цэргүүд болон энгийн иргэд амиа алдаж байлаа.
Хамгийн сүүлд энэ оны тавдугаар сард гарсан мөргөлдөөний үеэр Камбожийн нэг цэрэг алагдсанаар сөргөлдөөн хурцадсан юм.
Сүүлийн хоёр сарын хугацаанд хоёр улс харилцан нэгнийхээ эсрэг худалдааны болон хилийн хориг тавьж, хил дагуу цэргийн хүчээ нэмэгдүүлсэн.
Уг хямралын улмаас Тайландын дээд шүүх ерөнхий сайд Паетонгтарн Шинаватраг албан тушаалаас нь түдгэлзүүлээд байна.
Тайландын ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Пхумтам Вечаячай хоёр улсын хооронд үүссэн “эмзэг, төвөгтэй” асуудлыг олон улсын хууль тогтоомжийн дагуу болгоомжтой шийдвэрлэх ёстойг өчигдөр мэдэгджээ.
Камбожийн ерөнхий сайд Хун Манет маргааныг энхийн замаар шийдвэрлэх хүсэлтэй байгаа ч “зэвсэгт түрэмгийллийн эсрэг зэвсэг барихаас өөр аргагүй” байгааг хэлсэн байна.
Түүний эцэг, Камбожийг олон жил захирсан Хун Сен ард иргэдийнхээ үндсэрхэг үзлийг өдөөхийн тулд энэ мөргөлдөөнийг улам хурцатгах сонирхолтой байж магадгүйг ажиглагчид анхааруулжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!