Малайз улсын Кучинг хотноо Азийн Таеквондогийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн хурал болон ерөнхий чуулган зохион байгуулагдлаа.
Энэ хурлаар олимпын оноо олгох шар тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах улсаар Монгол тодорсон байна. Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг онцлогтой Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ийг 2026 онд эх орондоо хүлээн авах эрхийн төлөө Катар, Монгол Улс өрсөлдсөн юм.
1974 оноос хойш зохион байгуулагдаж буй тус тэмцээнийг хамгийн анх Өмнөд Солонгосчууд нийслэл Сөүл хотод хүлээн авсан бол өнгөрсөн жил 26 дахь тэмцээн Вьетнамын Да Нанг хотод болж байв.
Тивийн тэмцээнээс БНСУ-ын баг 219 алт, 45 мөнгө, 49 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлдэг бол Хятадын Тайпэй 41 алт, 76 мөнгө, 61 хүрэл, Иран 32 алт, 44 мөнгө, 59 хүрлээр удаалдаг.
Манай улсад олимпын таеквондогийн шигшээ баг 2012 онд байгуулагдсанаас хойш тивийн аваргаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай. Олон улсын хэмжээний мастер М.Түмэнбаяр 2016 онд мөнгө, 2018 онд хүрэл медаль хүртсэн бол 2021 онд Д.Чинзориг хүрэл медаль зүүжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|