УЛААНБААТАР ХОТ, Монгол Улс – Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (“АмЧам Монгол”) 2025 оны 7-р сарын 23-ны өдөр Төрийн ордонд айлчлал хийж, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарт бараалхав.
Энэхүү өндөр ач холбогдол бүхий уулзалтад АмЧам Монголын төлөөлөгчид, Ерөнхий сайд ба түүний зөвлөхүүд оролцож, хувийн хэвшил, хөрөнгө оруулалтын урсцыг нэмэгдүүлэх зэрэг чухал асуудлуудаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Ерөнхий сайдын стратегийн зорилтуудыг идэвхтэй дэмжихэд бэлэн байгаагаа төлөөлөгчид илэрхийлэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар АмЧам-ын дээд удирдлагуудтай харилцан санал солилцож, бизнесийн орчны талаар талууд байр сууриа хуваалцав. Тухайлбал, хөрөнгө оруулалтын боломжууд, татварын реформ, хууль эрхзүйн тогтолцоог шинэчлэх Засгийн газрын санаачилга зэргийн талаар харилцан яриа өрнүүлэв.
Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн сэргэлтийн тулгуур болохуйц бизнес, хөрөнгө оруулалтад ээлтэй орчныг бүрдүүлэх нийтлэг зорилтоо энэ үеэр талууд онцлон тэмдэглэв. Ерөнхий сайд төрийн зүгээс хийх ажлууд, тэр дундаа хөрөнгө татах, ил тод байдлыг хангах, мөн улам бүр төрөлжин хөгжиж буй Монголын эдийн засгийг бэхжүүлэх цогц хуулийн төслийн багц боловсруулж буйг танилцуулав.
"Ерөнхий сайдын алсын хараатай бодлогоос бид урам зориг авахын зэрэгцээ хоёр орны хөрөнгө оруулагчид, бизнесүүдэд ашигтай, илүү хүчтэй, үр өгөөжтэй түншлэлийг бий болно гэдэгт итгэж байна" гэж ТУЗ-ийн гишүүн Жэймс Лиотта тэмдэглэв.
АмЧам Монгол нь хувийн хэвшилд тулгуурласан өсөлтийг дэмжиж, бизнесийн лидерүүд болон бодлого тодорхойлогчдын хооронд үр дүнтэй, ажил хэрэгч яриа хэлэлцээг дэмжихэд бэлэн байгааг дахин илэрхийллээ.
АмЧам Монголын тухай
АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.