Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой тэмцэж буй арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Энэ тухай ЗГХМОНХГ-ын дарга Н.Баасандамба мэдээлэл өглөө.
Тэрбээр "УИХ 2002 онд баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шуурхай боловсруулж, ирэх наймдугаар сард Засгийн газарт танилцуулахыг Хууль зүй дотоод хэргийн сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад үүрэг болголоо.
Ингэснээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлттэй холбоотой гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх ялыг чангаруулах боломж бүрдэнэ.
Монгол Улсын хилээр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар нэвтрүүлэх асуудлыг таслан зогсоох зорилгоор Турк, Солонгос, АНУ, ОХУ, Тайланд болон олон улсын бусад байгууллагатай идэвхтэй хамтран ажиллахыг сайд нарт даалгалаа.
Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан хараат бус байгууллага болгон бэхжүүлэх асуудлыг судалж, саналаа ирэх наймдугаар сард Хууль зүй дотоод хэргийн сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад даалгалаа.
Мансуурах донтой иргэдийг эмчлэх, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, нийгэмшүүлэх чиг үүрэгтэй төвийг Эрүүл мэндийн яамны харьяа байгуулах асуудлыг судалж Засгийн газарт танилцуулах, Монгол Улсад хориглосон хязгаарласан, хяналтад байх шаардлагатай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтыг шинэчлэн батлахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгосон.
Мөн манай улсад ургадаг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт ургамлын тархцыг хумих ажлыг эрчимжүүлж, бүрэн устгах ажлыг шуурхайлахыг ЦЕГ-ын даргад үүрэг болгосон" хэмээн ярилаа.
шууд үзэх:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!