2025 оны эхний хагаст манай улсад ирсэн БНСУ-ын жуулчдыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.2 мянгаар өсөв

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний хагас жилийн үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцууллаа. 

Манай улсын хилээр 2025 оны эхний хагас жилд 3,594.7 мянган (давхардсан тоогоор) зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 523.3 (17.0%) мянгаар нэмэгджээ.

2025 оны эхний хагас жилд 1,821.1 мянган зорчигч улсын хилээр орсны 37.8 хувь нь Замын-Yүд, 26 хувь нь Чингис хаан, 8.5 хувь нь Алтанбулаг, 8.2 хувь нь Гашуун сухайт, 5.6 хувь нь Шивээхүрэн, 13.9 хувь нь бусад боомтоор тус тус орсон байна.

зураг
 
Улсын хилээр орсон зорчигчдын 1,442.5 (79.2%) мянга нь Монгол Улсын иргэд, 378.6 (20.8%) мянга нь гадаад улсын иргэд байгаагаас Монгол Улсын иргэд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 223.4 (18.3%) мянга, гадаад улсын иргэд 50.4 (15.4%) мянгаар тус тус нэмэгджээ. Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 240.4 (63.5%) мянга нь эрэгтэйчүүд, 138.2 (36.5%) мянга нь эмэгтэйчүүд байна.

Гадаад зорчигчдыг насны бүлгээр авч үзвэл 219.7 (58.0%) мянга нь 35-59 насныхан дийлэнх хувийг эзэлж байна. Мөн зорчсон хугацаагаар нь авч үзвэл 52.7 (13. 9%) мянга нь 10 хүртэл хоног, 275.5 (72.8%) мянга нь 30 хүртэл хоног, 4.1 (1.1%) мянга нь 60-аас 90 хүртэлх хоног, 46.3 (12.2%) мянга нь 90-ээс дээш хоногоор зорчжээ.

зураг
 

Улсын хилээр орсон гадаадын зорчигчдыг бүс нутгаар нь авч үзвэл 62.3 хувь нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг, 32.0 хувь нь Европ, 2.7 хувь нь Америк, 1.6 хувь нь Ойрх Дорнод, 1.2 хувь нь Өмнөд Ази, 0.2 хувь нь Африк тивийн зорчигчид эзэлж байна.

Хилээр орсон гадаадын зорчигчдын 34.9 хувь нь БНХАУ-ын иргэд, 25.9 хувь нь ОХУ-ын иргэд, 16.0 хувь нь БНСУ-ын улсын иргэд, 3.0хувь нь Япон улсын иргэд, 2.7 хувь нь Казахстан улсын иргэд, 17.5 хувийг бусад улсын иргэд тус тус эзэлж байгаа аж.

Улсын хилээр орсон жуулчдыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад БНХАУ-ын жуулчид 34.8 (58.9%) мянга, БНСУ-ын жуулчид 13.2 (28.6%) мянга, ОХУ-ын жуулчид, 7.4 (8.4%) мянга, Япон улсын жуулчид 4.5 (69.6%) мянга, Казахстан улсын жуулчид 0.3 (3.7%) мянгаар тус тус өсжээ.