Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний хагас жилийн үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцууллаа.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 14 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 914.4 (6.1%) тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 13.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 983.3 (6.9%)тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.
Татварын нийт орлого 2025 оны эхний хагас жилд 12.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 (8.4%) их наяд төгрөгөөр буурахад орлогын албан татварын орлого 524.7 (12.3%) тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1.3 (61.7%) их наяд төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.
2025 оны эхний хагас жилд татварын нийт орлогын 30.8 хувийг орлогын албан татвар, 23.7 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 21.1 хувийг нийгмийн даатгалын орлого, 7.4 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 4.5 хувийг онцгой албан татварын орлого, 12.5 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлж байна.
Орлогын албан татварын 65.1 хувийг ААНОАТ, 34.9 хувь (буцаан олголтыг хассан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлж байгаа аж.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 оны эхний хагас жилд 14 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.1 (8.2%) их наяд төгрөгөөр өсжээ.
Зарлага өсөхөд бараа, үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеэс 828.3 (19.5%) тэрбум төгрөгөөр, урсгал шилжүүлэг 764.4 (14.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлсөн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
|