Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт байрлах Халзан бүрэгтэй орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсгол энэ оны есдүгээр сарын 23-нд Төрийн ордонд зохион байгуулагдахаар товлогджээ.
Тус ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж явуулах бөгөөд УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар удирдаж явуулах аж. Сонсголын бүртгэл 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Халзан бүрэгтэй ордын нөөцийг 1983 оноос судалсан бөгөөд 2004 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна.
Сонсголд оролцох болон сонсголтой холбогдуулан санал, тайлбар, мэдээлэл гаргах иргэн, хуулийн этгээд нь хүсэлт, санал, тайлбар, мэдээллээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дотор бичгээр ирүүлэх боломжтой.
Иргэн хүсэлтдээ өөрийн овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, холбогдох утасны дугаарыг бичиж гарын үсэг зурсан байна. Хүсэлтийг цахим шуудангаар ирүүлж болно.
Иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, санал, тайлбарыг хүлээж авах:
Жич: Зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулна.
Оролцогчийг “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу иргэний үнэмлэх, эсхүл цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлнэ. Оролцогч албаны болон үндэсний хувцастай ирсэн байх талаар УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
|