Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг ААШТ-ий "B" ангилалд IV байр эзэллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 7 сарын 20
IKON.MN
Зураг зураг

Энэ сарын 13-наас 20-ныг дуустал БНХАУ-ын Шэньжэнь хотод сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) болж буй билээ.

Өнөөдөр өндөрлөх тус тэмцээний "B" ангилалд Монголын эмэгтэй шигшээ баг өрсөлдөж байгаа юм. 

"A" ангилалд БНХАУ, Япон, Австрали, Шинэ Зеланд, БНСУ, Филиппин, Ливан, Индонезийн баг хүч үзэж байгаа бол "B" ангилалд Хятадын Тайпэй, Энэтхэг, Казахстан, Таитигийн арлууд, Иран, Монгол, Тайланд болон Күүкийн арлууд өрсөлдсөн.

Монголын эмэгтэй шигшээ баг хэсгийн шатанд Тайландын багийг 81:74, Күүкийн арлуудыг 82:55-аар буулган авч, Иранд 55:89-өөр дийлдсэн юм.

Улмаар хасагдах шатанд Казахстаныг 78:70-аар илүүрхсэн. 

Гэвч хагас шигшээд Хятадын Тайпэйд 82:92-оор дийлдсэнээр хүрэл медалийн төлөө Тайландын эмэгтэй шигшээ багтай тунасан билээ.

Хоорондоо таарсан эхний тоглолтод дийлдсэн Тайландын баг энэ удаад хамгаалалтаа илүү нягтруулав. Бүсийн хамгаалалт хийж эхэлсэн нь үр дүнгээ өгч, эхний хагаст 10 онооны илүүгээр давамгайлсан. Гуравдугаар үе дуусахад онооны зөрүүг 15 болгосон ч шийдвэрлэх дөрөвдүгээр үед Монголын эмэгтэй баг дараалан алсын зайн шидэлтээ оновчтой болгосоор ердөө нэг онооны зөрүүтэй болсон ч тоглолтын төгсгөлийг тааруухан гүйцэтгэлээ.

Ингээд 78:73-аар Тайландын эмэгтэй шигшээ баг ялалт байгуулснаар ААШТ-ий "B" ангилалд хүрэл медаль хүртсэн бол Монголын эмэгтэй баг дөрөвдүгээр байр эзэллээ. 

Азийн АШТ-ий "B" ангиллын тэмцээн 2021 онд анх удаа зохиогдсон түүхтэй. Энэ ангилалд түрүүлсэн баг нь дараагийн ААШТ-ий "A" бүсийн багуудтай өрсөлдөх эрх авдаг. Монголын эмэгтэй шигшээ баг 2023 онд анх удаа оролцохдоо долдугаар байр эзэлсэн бол энэ удаад амжилтаа ахиулав.

О.Хулан 18 оноо, 9 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Б.Ариунцэцэг 17 оноо, 8 самбараас бөмбөг авлаа. 

"B" ангилалд алтан медалийн төлөө Иран, Хятадын Тайпэйгийн баг өрсөлдөх юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ЗӨВ, ГОЁ
12
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
50 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг