Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хакүхогийн хүсэлтээр Тоёота компани сүмогийн ялалтын парадад тусгай автомашинаа үргэлжлүүлэн ашиглуулахаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Тоёота Мотор компани тусгайлан үйлдвэрлэсэн “Century” загварын автомашинаа сүмогийн тэмцээний ялагчийн баярын парадад үргэлжлүүлэн ашиглуулахаар болсныг мэдэгджээ.

Сүмогийн дээд зиндааны долдугаар сарын тэмцээн буюу Нагояа башё эхлэхийн өмнөх өдөр тус компани ийм мэдэгдэл гаргасан байна.

Зургаадугаар сарын 12-нд болсон хөрөнгө оруулагчдын хурлын үеэр Тоёота компанийн ерөнхийлөгч Акио Тоёода тусгай автомашинаа ийм арга хэмжээнд ашиглуулахаа зогсоох санааг цухуйлгаж байсан юм.

Тоёота компани хүнд жинтэй бөхчүүдийг тээвэрлэхэд зориулан тоноглосон ийм автомашиныг ёкозүна асан Хакүхогийн хүсэлтээр үйлдвэрлэж, 2024 оны эхний башёгоос эхлэн Сүмогийн Холбоонд ашиглуулж байжээ.

Гэхдээ автомашины эзэмшил Тоёота компанид байдаг юм байна.

Сүмогийн Холбооны авсан арга хэмжээ Хакүхог тус холбооноос гарахад хүргэсэнд сэтгэл дундуур байгаагаа Акио Тоёода хөрөнгө оруулагчдын жил тутмын хурлын үеэр илэрхийлэхдээ тусгай загварын “Century” автомашинаа ялалтын парадад ашиглуулахаа болих талаар ярьж байжээ.

“Тэр бол манай үндэсний спорт болох сүмод хувь нэмрээ оруулсан аугаа ёкозүна. Би түүний сүмогийн замнал ингэж дуусах ёсгүй гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна” гэж тэр тухайн үед ярьсан байна.

Харин сүүлд Тоёода автомашинаа үргэлжлүүлэн ашиглуулахаар шийдэхэд Хакүхо нөлөөлснийг эх сурвалжууд мэдээлжээ.

 

Эх сурвалж: Yomiuri Shimbun