Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нар Монгол Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд өнөөдөр "Япон иргэдийн дурсгалын цогцолбор"-т морилж, хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсад айлчлах болсноо зарласан долдугаар сарын 2-ны өдрийн хэвлэлийн хурлынхаа үеэр Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито дайны хохирогчдод гүн эмгэнэл илэрхийлж, энх тайвнаар оршин байхын үнэ цэнийг дээрх хэвлэлийн хурлынхаа үеэр онцлон тэмдэглээд "Өнгөрсөн дайнд дэлхийн олон улс оронд олон зууны хүний алтан амь эрстэж, олон хүн зовж шаналсан нь үнэхээр гунигтай.
Тэднийг мартахгүй, түүхийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, энх тайванч сэтгэлийг хүмүүст суулгах нь чухал гэж бодож байна" хэмээж байжээ.
Япон иргэдийн дурсгалд зориулсан цогцолборыг 2001 оны аравдугаар сард Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, нийслэл хот, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг(МУЗН), Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран байгуулж байв.
Дэлхийн II дайны дараа японы 14,000 гаруй олзлогдсон иргэнийг Сибириэс авчирч, Засгийн газрын ордны суурь, Дуурийн театр, Гадаад явдлын яамны барилга болон 23 айлын орон сууц, “Элдэв-Очир” кино театр, Улсын төв номын сан, Намын Төв Хорооны 12 айлын орон сууц, Намын сургуулийн хичээлийн байр, Нэгдүгээр амаржих газар, Монгол Улсын Их Сургууль(МУИС)-ийн байрны өргөтгөл, Их тэнгэр, Сонгино, Нүхт зэрэг газар дахь барилгын бүтээн байгуулалтад ажиллуулсан түүхтэй.
Цогцолборын хадгалалт, хамгаалалтыг гэрээний дагуу Монголын Улаан загалмай нийгэмлэг, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!