Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээ"-ний төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар дараах мэдээллийг өглөө.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар "Манай улс 2025 оны I улирлын байдлаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх асуудлаар гадаадын 22 улс оронтой нийт 40 гэрээ, хэлэлцээр байгуулсан. Үүнээс гэмт этгээд шилжүүлэх асуудлаар Унгар, Болгар, Румын, Чех, Словак, Польш, Орос, Украин, Беларусь, Казахстан, Турк, Ардчилсан Солонгос, Өмнөд Солонгос, Вьетнам, Энэтхэг, Хятад зэрэг 16 улстай гэрээ, хэлэлцээр байгуулсан. Ялтан шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан 11 гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байна, Тайланд, Малайз улстай гэрээ байгуулахаар бид бэлтгэл хангаж байна” гэлээ.
Иргэний хэргийн талаарх туслалцаа хүссэн иргэдийн хүсэлтийн дагуу жилд дунджаар 50 орчим ажиллагаа хийгддэг бол 20 орчим эрүүгийн хэрэгт харилцан туслалцаа үзүүлэх хүсэлт ирдэг байна. Хүсэлт бүрийг хоёр улс хоорондоо хэлэлцэн шийддэг аж. Ялтан шилжүүлэхтэй холбоотой 33 иргэний хүсэлт ирсэн байгааг шийдвэрлэхээр талууд ажиллаж байгаа гэх мэдээллийг сайд өгсөн. Эдгээрийн 27 нь БНХАУ-д ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийнх бол зургаа нь манайд хорих ял эдэлж байгаа БНХАУ-ын иргэдийн хүсэлт гэдгийг тодотгов.
Ялтан шилжүүлэх гэрээний хүрээнд 2009-2023 оны хооронд нийт 19 иргэнийг БНХАУ-аас шилжүүлэн авсан байдаг. Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс хооронд иргэдийн шилжилт хөдөлгөөн эрчимжиж байгаа учраас өмнө байгуулсан гэрээний харилцааг илүү тодорхой, нарийвчлан зохицуулахаар төслийг хэлэлцүүлж байгаа гэдгийг салбарын сайд хэлсэн.
Бүгд Найрамдах Киргиз Улсад улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэргээр хорих ял эдэлж байгаа нэг иргэн, Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байгаад саатуулагдсан нэг иргэн тус тус байгаагаас гадна хоёр улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан Киргиз Улсын нэг иргэнийг 2024 онд манай улс шилжүүлэн өгсөн бол Киргиз Улс манай улсын хоёр иргэнийг шилжүүлэн өгсөн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!