Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид байгууллагынхаа удирдлагуудыг огцруулах асуудлаар мэдээлэл хийлээ.
Уран бүтээлчдийн төлөөлөл захирал Д.Алтанхуягийн талаарх хууль зөрчсөн баримтуудыг дэлгэж байх үеэр түүний томилсон гэх этгээд хэвлэлийн хурлыг бусниулав. Хэвлэлийн хурлын дундуур дайрч орж ирсэн этгээдийг Д.Алтанхуягийн багын найз бөгөөд урлагийн салбарт ажиллаж байгаагүй, тагнуулын сургууль төгссөн н.Батхүрэл гэгч болохыг уран бүтээлчид хэлсэн. н.Батхүрэл нь УДБЭТ-ын ерөнхий менежерээр ажилладаг аж.
Тус театрын уран бүтээлчдийн төлөөлөл “Өнөөдөр энэ асуудал гарч ирсэн юм биш. Бид энэ асуудлыг эхлээд дотооддоо шийдэх гэж үзсэн. Энэ оны нэгдүгээр сараас эхлэн уран бүтээлчдээ сонсдог байя, уран бүтээлийн бодлогоо зөвлөлөөрөө шийддэг байя, үг хэлсэн болгоныг халж, хавчин гадуурхдаг байдлыг таслан зогсоохоор дотроо ярилцаж үзлээ. Ярилцаж, маргалдаж, гуйгаад эцэст нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлж байна.
УДБЭТ өнөөдөр нэг хүний театр шиг болсон. Удирдах албан тушаалтнууд дүр сонгохдоо өөрийн эрх мэдэлгүй, хэн дуулж, бүжиглэж, хөгжимдөхийг нэг л хүн шийддэг болжээ. Уран сайхны бодлого нь уран сайхны зөвлөл дээр тулгуурлаж явдаг. Гэтэл энэ бодлого алдагдаад уран бүтээлчдэд халтай болж эхэлж байна.
Хоёрдугаарт, түрээсийн театр болсон. Уран бүтээлчид бэлтгэлээ хийгээд, тэдний өдөр сургуулилалттай, тэдэнд тоглолттой гэж байтал уран бүтээлийн цагийг таслаад гаднын тоглолт оруулж ирдэг болсон.
Мөн нэлээн том жүжгийн өмнө МУИС манай театрт хонхны баяраа хийлээ. Энэ мэт явдлууд уран бүтээлийн чанарт нөлөөлж байна. Тайз угсарч, гэрэл техникээ бэлдэж амжихгүйгээс болж уран бүтээлчдийн таарамжгүй харилцаатай болж байна.
2025 оны тавдугаар сарын 21-нд Ч.Номин сайдын тушаалаар манай театрт бүтцийн өөрчлөлт хийснийг бид 2-3-хан хоногийн өмнө л мэдлээ.
Энэ өөрчлөлтөөр хөгжмийн хүрээлэн, дуурийн театр, балетын театр, тайз техник гэхчлэн тус бүрд нь салгасан. Эдгээр театр тус бүрд дөрвөн шинэ даргатай болж байна. Мөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоог нэмсэн. Ингэхдээ уран бүтээлчдийн тооноос хассан.
УДБЭТ-ын даргаар Д.Алтанхуягийг томилсон нь улс төрийн зорилготой. УИХ-ын сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвшиж байсан Д.Алтанхуяг сонгогдож чадаагүй учир даргын албан тушаалд томилсон гэж харагдаж байгаа.
Дээрээс нь албан тушаалаа ашиглаж өөрийн найз нөхдийг албан тушаалд томилж байгаа. Тиймээс энэ байдлыг анхааралдаа авч үзээсэй гэж уран бүтээлчид хүсэж байгаа юм" гэв.
УДБЭТ-ын Үйлдвэрчний хороон дарга Тамир “Д.Алтанхуяг гэдэг хүн УДБЭТ-ын захирлыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохдоо маш олон хууль зөрчсөн. Ч.Номин сайд Төрийн албаны зөвлөлийн тогтоол, шийдвэрийг үл хүндэтгэн Д.Алтанхуягийг томилсон. Төрийн албаны нийт 10 шаардлагыг хангасан хүнийг захирлаар томилдог. Гэтэл энэ хүн 40 хувийн ч шаардлага хангахгүй байгааг ТАЗ-өөс сайдад анхааруулсан ч томилсон.
Д.Алтанхуяг өөрт нь багшилж байсан н.Ганцэцэг гэдэг тэтгэврийн насны эмэгтэйг 3.6 сая төгрөгийн цалинтай уран сайхны удирдагчаар томилсон. Энэ хүн олигтой юм огт хийгээгүй.
Мөн Дугараа овогтой Алтанхундага буюу төрсөн дүүгийнхээ “Монголын балетын Улаанбаатар балет” гэдэг нэртэй компаниас худалдан авалт хийсэн. Ибаримт нь байгаа.
Д.Алтанхуяг өөрийн багын найз, тагнуулын сургууль төгссөн н.Батхүрэл гэдэг хүнийг УДБЭТ-ын ерөнхий менежерээр томилсон. Үүнд нь шаардлага тавьж уулзахаар “Та нарын юу хийх надад хамаагүй” гээд хөөж гаргадаг.
Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулдаг. Дөрвөн хэвлэл мэдээллийн байгууллагатай өнөөдрийн байдлаар 18 сая төгрөгийн гэрээ хийсэн. Тэдгээр байгууллага тус бүр 4.5 сая төгрөгийн урьдчилгаа авсан. Одоо үлдэгдлээ авах гэж байгаа.
Мөн УДБЭТ-ын ариун цэврийн өрөөний асуудалд 158.6 сая төгрөг гаргасан. Үүнийг нь яамны дотоод аудитаар ил болгосон. Энэ хүн хангалттай хэмжээний санхүүгийн асуудал үүсгээд байна" хэмээн ярив.
УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга “Биднийг ийм байдалтай олон сар явуулсан. Гэвч бидний үгийг авдаггүй. Тиймээс бид шинэ сайдад итгэж энэ мэдээллийг хийж байгаа юм. Манай уран бүтээлчид баяр наадмын төрийн концертод оролцохоор бэлтгэл хийж байгаа. Хэрэв бидний үгийг сонсохгүй бол энэ лоозонгуудаа бариад өөрсдийн номер дээр 90 секунд чимээгүй зогсоно гэж байсан ч бусад уран бүтээлчдээ хүндэтгээд энэ эсэргүүцлээ хийхээ больё гэж шийдсэн" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!