• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

Япон Улсын Цог жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар наадмын нээлт үзэж, Хустайн нуруунд зочилно

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 оны долдугаар сарын 6-13-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр товлогдсон.

Энэхүү айлчлалыг угтан өнөөдөр Япон улсын Элчин Сайдын Яам(ЭСЯ)-наас сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Тус ЭСЯ-наас Япон Улсын Эзэн Хаан Монгол Улсад анх удаа айлчлан ирэх гэж буй нь энэ бөгөөд хоёр улсын харилцааны түүхэнд "алтан үсэг"-ээр бичигдэх үйл явдал учраас хоёр талын холбогдох албаныхан хичээн ажиллаж байгааг хэлж байв. 

Төлөвлөж буй хөтөлбөрийн дагуу Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, Үндэсний их баяр наадмын нээлтийг үзэж сонирхоно. Мөн Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт зочлох аж. Ташрамд дурдахад Хустайн нуруунд бэлчээр хамгаалах чиглэлд Монгол, Японы хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. 

Энэ удаагийн айлчлал нь зөвхөн нөхөрлөл, найрамдлын ач холбогдолтой айлчлал байна гэдгийг ЭСЯ-наас тодотгож байв. Учир нь 1946 онд шинээр батлагдсан Японы Үндсэн хуулийн “Эзэн Хаан” хэмээх 1 дүгээр бүлгийн 1 дүгээр зүйлд “Эзэн Хаан нь Япон Улсын бэлгэ тэмдэг бөгөөд Японы ард түмний эв нэгдлийн бэлгэдэл юм” гэж заасан байдаг аж.

Айлчлалын бүрэлдэхүүний талаар ЭСЯ-наас тодруулахад Эзэн хааны ордны хэрэг эрхлэх газрын болон Японы Гадаад Харилцааны Яамны төлөөлөл, аюулгүй байдал, хамгаалалтынхан гэхчлэн 60 орчим хүн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж байна. 

Япон улсын эзэн хаант ёсны тухай

Японы домогт тус улсын анхны Эзэн Хаан Жинмү нь “Аматэрасү” нарны бурхны үр удам бөгөөд МЭӨ 660 онд Хааны сэнтийд заларч, Японы Эзэн Хааны угсаа 2,600 гаруй жилийн хугацаанд тасралтгүй үргэлжилсэн хэмээгддэг.

Эзэн Хаан Жинмү анх сэнтийд заларсан буюу Япон Улс үүсгэн байгуулагдсаны 2,685 жилийн ой 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тохиосон.

Түүхийн ихэнх мөчлөгт Японы Эзэн Хааны эрх мэдэл болон нөлөө хязгаарлагдмал, бэлгэ тэмдгийн шинж чанартай байсаар ирсэн хэдий ч Японы үе үеийн цэргийн засаглалын удирдагч (шогүн) нар Эзэн Хаанаа төрийн тэргүүнд тооцон дээдэлсээр иржээ.

Япончууд 1868 оны Мэйжигийн шинэчлэлээр тухайн үеийн цэргийн засаглалын эрх мэдлийг унагаан Эзэн Хаан төвтэй улс байгуулж, улмаар 1889 онд Үндсэн хуульт Хаант засаглалыг байгуулсан түүхтэй.

Япон Улсын 125 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Акихито 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр сайн дураараа сэнтийгээсээ бууж, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Угсаа залгамжлагч Хунтайж Нарүхито Эзэн Хааны сэнтийд заларснаар Японд “Рэйва” буюу “Үзэсгэлэнт зохицол” он тоолол эхэлсэн.

1868 оноос хойшхи Япон Улсын Хаадын эрин, он тоолол

  • 1868 – 1912 онд Мэйжи (Гэгээрэлт засаг)-гийн Эзэн Хаан Мүцүхито
  • 1912 – 1926 онд Тайшо (Их зөвшил)-гийн Эзэн Хаан Ёшихито
  • 1926 – 1989 онд Шёова (Бодь зохицол)-гийн Эзэн Хаан Хирохито
  • 1989 – 2019 онд Хэйсэй (Энх цогцлол)-гийн Эзэн Хаан Акихито
  • 2019 оноос Рэйва (Үзэсгэлэнт зохицол)-гийн Эзэн Хаан Нарүхито

Эзэн Хааны гадаад айлчлалын зорилго, үүрэг

Эзэн Хааны гадаад харилцааны гол үүрэг нь Япон Улсын бэлгэдлийн хувиар гадаад улс орнуудтай найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх юм. Эзэн Хааны айлчлалыг “бэлгэдлийн дипломат харилцаа” хэмээдэг бөгөөд айлчлалын үеэр хөтөлбөрт дараах арга хэмжээ багтдаг.

Үүнд:

  • Тухайн орны төрийн тэргүүн нартай (Хаан, Ерөнхийлөгч гэх мэт) уулзах;
  • Албан ёсны ёслол, хүлээн авалтад оролцох;
  • Зочилж буй улсынхаа түүх, соёлтой танилцах;
  • Японы соёлыг сурталчлан таниулах, түүгээр дамжуулан хоёр орны ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх;
  • Японы соёл, уламжлалтай холбоотой арга хэмжээнд оролцох;
  • Тухайн улсад суугаа Япон Улсын иргэдтэй уулзах;
  • Япон Улсын түүх, байгаль орчны асуудлаар лекц унших;
  • Олон улсын хурал, эрдэм шинжилгээний симпозиумд оролцох зэрэг байна.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитогийн намтар

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 1960 оны хоёрдугаар сарын 23-нд Токио хотод төрсөн. Өдгөө 65 настай.

Японы Гакүшүин их сургуулийг 1982 онд түүхийн ухааны бакалавр зэрэгтэй төгссөн. Оксфордын их сургуульд 1983 онд элсэн орж, гидрологи (гол мөрөн, усны нөөцийг судлах, голын тээвэр) мэргэжлээр суралцаж төгссөн. Оксфордын их сургуульд нэг жил суралцсаны дараа тэрбээр Европ, Хойд Америкаар аялж, 1985 онд Японд эргэн ирж, 1988 онд Гакүшүин их сургуулийн магистрантурыг дүүргэсэн. Англи, франц хэлийг өндөр түвшинд эзэмшсэн.

Түүний эцэг Япон Улсын 125 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Акихито 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр өөрийн хүсэлтээр сэнтийгээсээ бууж, тавдугаар сарын 1-ний өдөр Япон Улсын 126 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Хаан ширээндээ заларсан. Мөн өдрөөс Япон Улсад “Рэйва” (үзэсгэлэнт зохицол) он тоолол эхэлсэн байдаг.

Угсаа залгамжлагч Хунтайжийн хувиар 2007 оны долдугаар сард Монгол Улсад айлчилж байсан бөгөөд энэ үедээ Дуурь бүжгийн эрдмийн театрт зохион байгуулагдсан Хүндэтгэлийн концертод Угсаа залгамжлагч Хунтайж Нарүхито эрдүү хийл (viola) хөгжмөөр Монгол Улсын Филармонийн оркестр, Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн хамт К.Сен-Сансын “Хун” аялгууг тоглож байжээ. 

Япон Улсын Эрхэм дээд Хатан Масакогийн намтар

Япон Улсын Эрхэм дээд Хатан Масако 1963 оны арванхоёрдугаар сарын 9-нд Токио хотод төрсөн. Өдгөө 62 настай.

АНУ-ын Белмоны ахлах сургуулийг 1981 онд, Харвардын их сургуулийн Эдийн засгийн тэнхимийг 1986 онд, Оксфордын их сургуулийг 1990 онд тус тус төгссөн. Япон Улсын Гадаад хэргийн яаманд 1986-1993 онд ажиллаж байжээ.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Япон Улсын Эрхэм дээд Хатан Масако нар сүй тавьсан тухайгаа 1993 оны нэгдүгээр сарын 19-нд олон нийтэд зарлаж, тухайн оны зургаадугаар сарын 9-нд гэрлэсэн байна. 

Тэрээр Эзэн Хааныг Угсаа залгамжлагч Хунтайж байх үеэс 30 гаруй улсад хамтдаа айлчилж байжээ. Хатан Масако англи, герман, франц хэлийг өндөр түвшинд эзэмшсэн бөгөөд Японы Улаан загалмай нийгэмлэгийн Хүндэт ерөнхийлөгчөөр 2019 оноос хойш ажиллаж байна.

Эрхэм дээд Хатан Масако-гийн эцэг Овада Хисаши нь Олон улсын шүүхийн шүүгч, Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд, Япон Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн албыг тус тус хашиж байсан.