Улаанбаатар хот – НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас (НҮБ-ын ХХААБ) Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн мэдээлэл харилцааны сургалтыг 2025 оны 7 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Уг сургалтад Вьетнам, Лаос, Танзани, АНУ зэрэг улсаас ирсэн олон улсын болон Монголын холбогдох байгууллагын төлөөлөл, мэргэжилтнүүд нийт 30 гаруй хүн оролцож байна.
Сургалтын зорилго нь хүнсний аюулгүй байдлын хэвийн болон ноцтой тохиолдлын үед олон нийт болон холбогдох талуудад хэрхэн үр дүнтэй, шинжлэх ухаанд суурилсан мэдээлэл хүргэх талаар үндэсний, бүс нутгийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд оршино.
“Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн мэдээлэл харилцаа бол олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний тогтолцоонд итгэл төрүүлэхэд зайлшгүй шаардлагатай хэрэгсэл юм” гэж НҮБ-ын ХХАА-ын суурин төлөөлөгч Чинюнь Дяо онцоллоо.
“Энэхүү сургалт нь улс орнууд хүнсний аюулгүй байдлын тулгамдсан асуудалд шуурхай, зохистой арга хэмжээ авч, олон нийтийг үнэн зөв, ойлгомжтой мэдээллээр хангах чадварыг нь сайжруулахад чухал хувь нэмэр оруулна."
“Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг зөв тодорхойлох, шинжлэх ухаанд суурилсан үнэлгээ, мэдээ мэдээлэлд суурилсан харилцаа, олон нийтийн ойлголт, итгэлийг нэмэгдүүлэх нь өнөө цагийн бидний чухал сорилт болоод байна. Тиймээс “эрсдэлийн мэдээлэл харилцаа” нь зөвхөн мэдээлэл дамжуулах бус, харилцан ойлголцол, итгэлцэл бий болгох чадамж бүхий, бодлого тодорхойлох чухал арга хэрэгсэл юм” хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нээлтийн үгэндээ хэллээ.
Сургалтын үеэр олон улсын шинжээчид эрсдэлийн хандлага, стратегийн харилцаа төлөвлөлт, олон нийтэд чиглэсэн мессеж боловсруулах, худал хуурамч мэдээлэлтэй хэрхэн тэмцэх сэдвүүдээр танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Оролцогчид мөн улс орныхоо бодит тохиолдлуудыг танилцуулж, практик дасгалууд гүйцэтгэнэ.
Сургалтын хүрээнд оролцогчид Монгол орны сүү, махны нийлүүлэлтийн сүлжээтэй танилцаж, уламжлалт болон орчин үеийн хүнсний аюулгүй байдлын зохицуулалтын талаар газар дээр нь судлах боломжтой болно.
Уг сургалт нь НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж буй 'Нэг эрүүл мэнд ба хүнсний аюулгүй байдал' болон 'Бичил биетний тэсвэржилттэй холбоотой Кодекс стандартыг дэмжих арга хэмжээ (ACT)' төслийн хүрээнд, Нэг эрүүл мэндийн хандлагыг улс орнуудын бодлого, үйл ажиллагаанд тусгахыг дэмжих зорилготой юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!