• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

О.Дашпагма: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын дундаж нас 12 бол хамгийн бага нь 17 хоногтой байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 7 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбурханы нөхцөл байдалтай холбоотойгоор дархлаажуулалтыг эрчимжүүлсэн. Тэгвэл энэ талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс өнөөдөр мэдээлэл өгөв.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Улсын хэмжээнд улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол анх хоёрдугаар сарын 18-нд бүртгэгдсэн бол үүнээс хойш 11,429 тохиолдол болжээ.

Нийт батлагдсан тохиолдлын 70.8 хувь нь вакцинд хамрагдаагүй буюу анхны тун хийлгээгүй бол 5.3 хувь нь дархлаажуулалт хийлгэх насанд хүрээгүй.

Мөн вакцины бүрэн бус нэг тунтай 8.5 хувь, хоёр тунтай 15.5 хувь байгааг тогтоосон. Өвчлөлийн түвшнээр Улаанбаатар хотод 10,000 хүн ам 50.3, Дундговьд 37.7, Өмнөговьд 29.9, Өвөрхангайд 13.4 байна.

2025 оны 25 дахь долоо хоногт улаанбурхан өвчний нийт 1,534 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 137-гоор буурсан үзүүлэлттэй.

Батлагдсан тохиолдлын тоо өдөрт дунджаар 219.1 байсан нь өмнөх долоо хоногоос буурсан. 2025 оны зургаадугаар сарын 18-нд 301 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр нь байв.

Насны хувьд 10,000 хүн ам тутамд 0-8 сартай нярай 143.5, 9 сараас 2 настай хүүхэд 145.8, 10-14 насныхан 125.7 байна.

Нийт батлагдсан тохиолдлын дундаж нас 12.4. Хамгийн бага нь 17 хоногтой бол ахмад нь 70 настай.

Улаанбурхан өвчний вакцины эхний тунг 9 сартайд хийдэг бол хоёр дахь тунг хоёр настайд нь хийдэг. Ямар нэгэн шалтгаанаар хийлгэж амжаагүй бол улс орон даяар нөхөн дархлаажуулалт явагдаж байна.

Мөн вакциндаа бүрэн хамрагдсан ч дархлаажуулалтын мэдээлэл нь цахимд бүртгэгдээгүй бол ирж бүртгүүлэх хэрэгтэй.  

Тиймээс 0-15 насны хүүхдүүдэд нөхөн дархлаажуулалтыг 21 аймаг, 9 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв дээр явагдаж байгаа. Иргэдийн дунд харьяалал харгалзахгүйгээр, үнэ төлбөргүй байна.

Энэ аяны хүрээнд нөхөн дархлаажуулалтад бүрэн хамрагдсанаар энэ аюулт өвчнөөс сэргийлэх, тархалтыг хязгаарлах боломжтой.

,Нөхөн дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай байгаа иргэдийн 40 гаруй хувь нь энэ аяны хүрээнд вакцинд хамрагдаад байна" гэлээ.