УИХ-ын чуулганы хуралдаанаар Аудитын байгууллагаас гаргасан"Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэж эхэлсэн билээ.
Аудитын байгууллагын тайланд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас гаргасан бондын зарцуулалтын талаар хэрхэн дурдсаныг хүргэж байна.
2024 онд 1,707.5 тэрбум төгрөгийн орон нутгийн гадаад үнэт цаас шинээр гаргаж, ханшийн тэгшитгэлийн зөрүүгээр 2.6 тэрбум төгрөг, хуримтлагдсан хүү 14.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нэрлэсэн үнээр илэрхийлсэн эцсийн үлдэгдэл 1,724.9 тэрбум төгрөгт хүрч, Засгийн газрын өрийн багцын 5.2 хувийг эзэлж байна.
Засгийн газрын 2024 оны “Нийслэлийн гадаад үнэт цаас гаргах, Засгийн газрын өрийн баталгаа гаргах” тухай 265 дугаар тогтоолоор Нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих “Сэлбэ дэд төв”-д түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зориулалтаар жилийн 7.75 хувийн хүүтэй 33 сарын хугацаатай 500 сая ам.долларыг олон улсын зах зээлд арилжаалж, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Монголбанканд төвлөрүүлсэн байна.
Сэлбэ дэд төвийн төслийн ажил эхлээгүй шалтгаанаар тус үнэт цаасны 500 сая ам.доллароос 400.0 сая ам.долларыг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн /1 ам.долларын ханш 3,416.71 төгрөг/ ханшаар хөрвүүлж 1,329.1 тэрбум төгрөгийг арилжааны 7 банканд 6-24 сарын хугацаатай жилийн 12.5-16.1 хувийн хүүтэй төгрөгийн, үлдэгдэл 100 сая ам.долларыг Худалдаа хөгжлийн банканд 24 сарын хугацаатай, жилийн 8.05 хувийн хүүтэй валютын хадгаламжид тус тус байршуулжээ.
Жилийн эцэст арилжааны банкнуудад байршуулсан хадгаламжийн хүүгээс 11.6 тэрбум төгрөгийн хүүгийн авлага бүртгэсэн боловч тус үнэт цаасны хуримтлагдсан хүү 14.7 тэрбум төгрөг, ханшийн зөрүүгээр 2.6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, тус бондын эх үүсвэрийг ашиглаагүй, нийт 5.7 тэрбум төгрөгийн алдагдалд орсон аж.
Орон нутаг 2024 онд 798.3 тэрбум төгрөгийн орон нутгийн дотоод үнэт цаас шинээр гаргаж, 33.4 тэрбум төгрөгийн хүү төлж, хуримтлагдсан хүү 1.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нэрлэсэн үнээр илэрхийлсэн эцсийн үлдэгдэл 799.9 тэрбум төгрөгт хүрч, Засгийн газрын өрийн багцын 2.4 хувийг эзэлж байна.
НЗДТГ нь дотоод үнэт цаас гаргаж 798.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлснээс 56.8 хувь буюу 453.6 тэрбум төгрөгийг 65 төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд ашигласан, 43.2 хувь буюу 344.7 тэрбум төгрөг ашиглалтгүй мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй байна.
Дотоодын зах зээлээс 1-5 жилийн богино хугацааны арилжааны нөхцөлтэй, 5.7-13 хувийн хүүтэй үнэт цаас гаргаж зам засвар, арчилгаа, батарей хуримтлуурын станц барих төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөсөн нь Өрийн удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.328, 6.4.429 дэх заалтуудтай нийцээгүй, өр үүсгэж бий болгосон хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зарчмыг алдагдуулсан аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!