Т.Даваадалай: Бондын $500 саяыг арилжааны банкуудад хүүтэй байршуулснаар энэ оны эхний хагаст 39 тэрбум төгрөгийн орлого олж байгаа

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл 2024 онд 3.2 тэрбум төгрөгийн төсвийг зориулалтын бусаар зарцуулсан, бондын 500 сая ам.долларыг үр ашиггүй хадгалсан гэх асуудлаар НЗД-ын нэгдүгээр орлогч болон холбогдох албаныхан өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Хурлын эхэнд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "2025 оны наадам дөхсөн зуны сайхан улирал болж байна. Энэ үетэй зэрэгцүүлэн төсвийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын байнгын хороо болон НИТХ-аар 2024 оны төсвийн гүйцэтгэлийн тайлангуудыг хэлэлцэж байна.

Өчигдөр буюу зургаадугаар сарын 30-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар нийслэлийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх үеэр байнгын хороо, УИХ-ын гишүүд иргэдэд хоёр буруу мэдээлэл өгсөн байна.

2024 онд нийслэлийн төсвийн 3.2 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар, үр ашиггүй зарцуулжээ. Сэлбийн бондын 500 сая ам.долларыг үр ашиггүй хадгалсан юм биш үү гэсэн ташаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан тул тодруулгыг хийе.

Нэгдүгээр асуудал: 3.2 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар үр ашиггүй зарцуулсан гэж хэлж болохгүй. 2024 онд Хан-Уул дүүрэгт дөрвөн ажилд хөрөнгө оруулалт хийж, гүйцэтгэсэн байна. Тус дүүргийн долдугаар сургуулийн өргөтгөлийн барилгыг буулгаж, барих ажилд 9.8 тэрбум, цэцэрлэгийн барилга барихад 6.7 тэрбум, 26 дугаар сургуулиас хорооны байр хүртэлх авто замын ажилд 689 сая, 200 ортой цэцэрлэгийн барилгыг 3.3 тэрбум төгрөгөөр төсөвлөж, нийт 20.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, хэрэгжсэн.

Ажлыг хурдан гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд 30% буюу нийт 6.2 тэрбум төгрөг байх байсан боловч Хан-Уул дүүргийн холбогдох удирдлагууд дур мэдэн журмыг зөрчиж, 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг урьдчилгаа төлбөрт илүү олгосон нь аудитын байгууллага болон нийслэлийн хяналт шалгалтаар тогтоогдсон. 30%-ийн урьдчилгаа өгөх байтал 45%-ийн урьдчилгаа өгсөн байна. Энэ нь Засгийн газрын 2023 оны 278 дугаар тогтоолын 4.8.13-т төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр санхүүжих төсөл, арга хэмжээний урьдчилгаа төлбөрийн нийт хэмжээ барилга, байгууламжийн гэрээний үнийн 30% хүртэлх хувь байх бөгөөд нийт санхүүжилтийн дүнгээс ихгүй байна гэж заасан журмыг зөрчсөн байна.

Хан-Уул дүүргийн засаг дарга, удирдлагуудад шаардлага хүргүүлсэн. Нийслэлийн аудитын газрын зөвлөмжийн дагуу биелэлтийг есдүгээр сарын 30-ны дотор биелэлтийг хүргүүлж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно.

Хоёрдугаар асуудал: Нийслэлээс олон улсад 17 хөрөнгө оруулагчийн 500 сая ам.долларын бонд гаргаж, 158 га газар дээр Сэлбэ хотыг барьж байгуулах төслийн үндсэн санхүүжилт 3.1 тэрбумыг 2024 онд үр ашиггүй хадгалсан байна гэсэн мэдээлэл хүргэсэн. Энэ тухайд хэлэхэд Германы Дойче банкаар андеррайтер хийж, 17 хөрөнгө оруулагчаас 500 сая ам.долларын бонд босгосон. Үүний арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Монголбанк дахь Сангийн яамны ам.долларын дансанд андеррайтер банкнаас шилжүүлж авсан.

Үүний дараа НЗД-ын захирамжаар үнэт цаасны хөрөнгийг Сэлбэ төслийн зарцуулалтад гаргах хугацаанд үр ашигтай хадгалах зорилгоор арилжааны банкуудад хуваан байршуулах үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг хэсгийг байгуулсан. Ажлын хэсгээс Сангийн яам болон Монголбанкнаас зөвлөмж, зөвшөөрлүүдийг авч 1.3 их наяд төгрөгийг 6 сараас хоёр жилийн хугацаатай, хугацаанаас хамаарч 12.5-16.1%-ийн хүүтэй, 100 сая ам.долларыг 8.05%-ийн хүүтэйгээр 2024 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр арилжааны банкуудад байршуулсан. Арилжааны банкуудад илүү хүүтэй, эрсдэлийг хамгаалж байршуулсан. Ингэснээр 2024 оны өвлийн улирал, 2025 оны нэгдүгээр хагаст Монгол Улсад долларын ханшийн инфляц явагдахгүй байх хувь нэмрийг нийслэл Улаанбаатар хот оруулсан гэж Монголбанкнаас албан ёсоор хэлдэг.

Нөгөө талдаа бондын хүүд үнэт цаасны өглөгт 14.7 тэрбум, авлагад 11.6 тэрбум төгрөг харагдаад байгаа юм. Зөрүүнд 3.1 тэрбум төгрөг алдаж буй мэт харагдаж байгаа. Гэвч эхлээд хадгаламжид хийхэд хүү нь бага, зээл авахад хүү нь өндөр байдаг.

Хагас жилээр тооцоолоход 2025 оны эхний жилийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр Сэлбэ төслийн 500 сая ам.долларын хүүгээс 108.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, үнэт цаасны хүүгийн төлбөрт 66.3 тэрбум төгрөг өгөхөөр буюу ханшийн алдагдлын зөрүү 2.3 тэрбумыг нэмж тооцоод нийслэл Улаанбаатар хот 2025 оны эхний хагаст 39.6 тэрбум төгрөгийн орлого олж байгаа.

Сэлбэ төслийн 500 сая ам.долларыг үр ашиггүй зарцуулсан гэж хэлэх үндэслэлгүй. Арилжааны банкуудад хүүтэй байршуулснаар 39.6 тэрбум төгрөгийн орлоготой. Төгрөг, долларын инфляцыг барьсан гавьяатай байгааг мэдэгдье.

Төслийн гүйцэтгэлтэй уялдуулан санхүүжилтийг 6, 1.5, 24 сарын хугацаанд суллахаар хадгаламжид хийсэн" гэж тайлбарлалаа.

  1. Худалдаа Хөгжлийн Банк
  2. Төрийн банк
  3. Голомт банк
  4. Хас банк
  5. Капитрон банк
  6. М банк гэсэн зургаан банканд бондын 500 сая ам.долларыг байршуулсан бөгөөд аудитын үнэлгээгээр зөрчилгүй гэж дүгнэсэн гэв. 

Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банканд байршуулсан хоёр тэрбум төгрөгийн тухайд "Хөрөнгө оруулалт, менежментийн газар, эрсдэлийн зөвлөлийн хурлын шийдвэрээр 2021 оны зургаадугаар сарын 7-нд Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банканд хоёр тэрбум төгрөгийг байршуулсан.

Энэ нь бондын мөнгөнд хамааралгүй.

Өнгөрсөн жилийн аудитын зөвлөмжийг хүргүүлж, 2025 оны хоёрдугаар сарын 24-нд Эвлэрлийн гэрээ байгуулж хадгаламж болон хүүгийн хэмжээнд 2.3 тэрбум төгрөгийн авлага үүсгэн энэ жил барагдуулахаар ажиллаж байгаа"-г НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах хэллээ.