"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн туслан гүйцэтгэгч Хятадын хөрөнгө оруулалттай "ТТЖВСиӨү" (TTJVCO) ХХК-ийн ажилтнууд хүний эрх зөрчигдөж байгаа асуудлаар өлсгөлөн зарлах гэж байгаагаа өнөөдөр мэдэгдэж, хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Ажилтнуудын төлөөлөл "Манай компанийн захирал Ван Чан Чин гэдэг хүн болон монгол удирдлагууд яагаад бид нартай уулзаж болохгүй байгаа юм бэ. Ажилтнууд хэлэлцээр хийхэд, ажилдаа явахад бэлэн байна. Бид дэлхийн жишгийн техникүүд барьдаг, ажилладаг, хөдөлмөрлөдөг ч тэр хэрээр дэлхий жишгийн цалин нэхээгүй.
Хөдөлмөрөө үнэнч шударгаар үнэлүүлмээр байна. Монгол хүмүүс яагаад эх орондоо хөдөлмөрийн хуулийнхаа дагуу цалингаа аваад ажиллаж болдоггүй юм бэ. Монголдоо ажиллаад тайван амьдармаар байна. Бид дэлхийн жишгийн цалин нэхээгүй. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу цалингаа бодуулж авъя гэж шаардлага тавьсан. Энэ бол ажил хаялт биш. Нийт ажилтны эрх ашиг хөндөгдөж байгаа тул төр засгийнханд хандаж, энэ асуудлыг шийдэж өгөөч гэж уурхайчид хүсэж байгаа" гэлээ.
Мөн өөр нэг ажилтан "15 м.куб-ээс дээш, 100 тонноос дээш хэмжээний техникүүдийг бид барьдаг. Тоос шороотой, халуун хүнд нөхцөлд өдөр, шөнийн ээлжээр ажиллаж байна. Ажилчдын үнэлэмж маш бага байна. Уурхайчдын цалин хөлс тааруу байна. Монголын уул уурхай бол гаднын хөрөнгө оруулалт нэртэй хятадуудын гарт орсон. Үүний цаана улс төр, авлига, ашиг сонирхлын зөрчил маш их байгаа гэж харж байгаа.
Сайд нар уул уурхайтай холбоотой хүмүүс нь үүн дээр дорвитой арга хэмжээ авахыг хүсэж байна. Тэмцлээ тайван байдлаар эхлүүлсэн боловч дараа нь 200 гаруй залуу үсээ хусуулж эсэргүүцлээ илэрхийлсэн. Одоо бүр хурцадмал байдал орж, нойтон өлсгөлөн зарлаж буйгаа үүгээр илэрхийлье" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!