Улаанбаатар хотод болж байгаа 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хасагдах шатны тоглолтууд болж байна.
Эмэгтэйчүүдийн шөвгийн наймд учраа таарсан Монгол, АНУ-ын багийн тоглолт 18:15-аар талбайн эзэн багийн ялалтаар өндөрлөлөө. Ийнхүү Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа медалийн төлөө өрсөлдөхөөр болж буй юм.
Энэ тоглолтод О.Хулан 9, Б.Ариунцэцэг 5, Н.Нандинхүсэл 4 оноо авсан бол эсрэг багаас Микалай Уильямс, Сара Стронг нар тус бүр 5, Сахара Уильямс 3, Морган Мэли 2 оноо бичүүлжээ.
3х3 сагсан бөмбөгийн ДАШТ өмнө нь найман удаа болоход Сэм Авгын бүсгүйчүүд гуравт нь түрүүлж байв. Тэд 2012, 2014 онд дараалан аваргалж, өнгөрсөн жил гурав дахиа өнгөлсөн. Түүнчлэн 2016 онд хүрэл медаль хүртсэн юм.
Тэгвэл энэ жилийн ДАШТ-д VI байр эзэллээ.
Эмэгтэйчүүдийн ангилалд хагас шигшээд Монголын багтай өрсөлдөхөөр Польш бүсгүйчүүд тодров. Өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Францын багийг ялснаар тэд түүхэндээ анх удаа хагас шигшээд шалгарсан байна.
Хагас шигшээ шатны нөгөө талд Нидерланд, Канадын баг өрсөлдөнө. Энэ шатанд хожсон хоёр баг нь аваргын төлөө өрсөлдөх бол хожигдсон хос нь хүрэл медалийн төлөө хүч үзнэ.
Эмэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолт маргааш 17:00 цагаас эхлэх бөгөөд Монголын баг хоёр дахь тоглолтод буюу 17:25 цагаас гарах хуваарьтай.
Эмэгтэйчүүдийн хагас шигшээд шалгарсан багуудаас Канадыг эс тооцвол бусад нь ДАШТ-ээс медаль хүртэж үзээгүй. Канадчууд 2022 онд анх удаа дэлхийн дэвжээнд хүч үзэхдээ мөнгөн медаль хүртсэн бол Нидерланд дэлхийн аваргад есөн удаа оролцохдоо 2017 онд дөрөвдүгээр байр эзэлж байв.
Харин Польшийн багийн хувьд дөрвөн удаа оролцохдоо шөвгийн наймд хүрсэн нь оргил амжилт нь байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!