Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Баярхүү: Сэлэнгэд гарсан түймрүүдийг унтраахад говь, төв, хойд, баруун бүсийн онцгой байдлын алба хаагчдыг дайчилж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.28/ 11:00 цагийн байдлаар ой, хээрийн 14 түймэртэй байгаагаас тавыг цурамд, 9 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна гэж мэдээллээ.

Энэ тухай УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Өнөөдрийн байдлаар сүүлийн 72 цагийн хугацаанд 17 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Үүнээс 

Сэлэнгэ аймагт 12

Булган аймагт хоёр

Дорнод аймагт нэг

Дархан-Уул аймагт нэг

Хэнтий аймгийн Батширээт суманд нэг түймэр бүртгэгдсэн.

Долоон түймрийг бүрэн унтрааж, гурвыг цурамд, долоон түймрийг унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 5, Ерөөд 2, Хүдэрт 4, Цагаанннуурт нэг түймэр бүртгэгдсэн.

Он гарснаас хойш зургаадугаар сарын 25-ны байдлаар Сэлэнгэ аймагт 30 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн бол өнөөдрийн байдлаар 41 буюу сүүлийн 72 цагийн хугацаанд 11 удаагийн түймэр бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Жаргалантын ам, Хөвсгөл аймгийн Цагааннуур, Булганы Тэшиг, Дархан-Уул аймгийн Хонгор, Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан түймрийг бүрэн унтраасан.

Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Булганы Бугат, Сэлэнгийн Алтанбулаг сумын Гурван цагаантолгой, Орос даваа гэх газруудад гарсан дөрвөн түймрийг цурамд орууллаа.

Хэнтий аймгийн Батширээт, Сэлэнгийн Ерөө суманд 3, Хүдэрт 2, Алтанбулаг суманд гарсан хоёр нийт есөн түймрийг унтраахаар онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар Сэлэнгэ аймагт гарсан ой хээрийн түймрийн голомтод удирдлага зохицуулалтаар хангаж ажиллаж байна.

Ой хээрийн түймрийг унтраах ажиллагаанд ОБЕГ, хил хамгаалах, цагдаа, Сэлэнгэ аймаг, сум орон нутгийн ЗДТГ, мэргэжлийн анги зэрэг байгууллагуудаас шаардлагатай хүн хүчийг дайчилж байна.

Өнөөдөр Сэлэнгэ аймагт гарсан түймрийн голомтод Өмнөговь, Дундговь, Дорноговь, Төв, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дархан, Сэлэнгэ, Нийслэлийн Онцгой Байдлын Алба гээд  говь, төв, хойд, баруун бүсийн онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

Алтанбулаг суманд гарсан түймрийн голомтод өчигдөр 16:00 цагаас эхэлж хүчтэй салхилсны улмаас хяналтад авсан баруун хэсгийн түймэр зүүн тийш тархаж, хүндэрсэн. Өнгөрсөн шөнө түймэр гарсан хэсэгт бага зэргийн бороо орсон ч унтраах хэмжээнд хүрээгүй. Өнөөдрийн байдлаар түймэр уугилттай, тархалт ихтэй байна.

Тус суманд газар тариалан эрхэлдэг ААН, байгууллагуудын трактор, бульдозероор түймрийн эргэн тойронд бүс татах, тархалтыг хязгаарлах арга хэмжээг авч байна" гэж мэдээллээ.

Тэрбээр "Автомашин явахааргүй түймрийн голомт руу нисдэг тэргээр аврагчдыг хүргэж байгаа" гэв.

ОБЕГ-аас мэдээлснээр түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 450 алба хаагч, 33 автомашин, нэг нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 22 алба хаагч, хоёр автомашин, Цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч, нэг автомашин орон нутгийн мэргэжлийн ангийн 316 хүн, 66 автомашинтай, нийт 798 хүн, 105 автомашинтай ажиллаж байгаа юм байна. 

Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчид болон иргэд:

  • Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Доргон толгой” гэдэг газар энэ сарын 22-нд гарсан ойн түймрийн голомтод ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр ахлуулсан 141 алба хаагч, 13 автомашин, сумын мэргэжлийн ангийн 124 хүн, 27 автомашинтай
     
  • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин II баг Ялбагийн “Асгатын ам” гэдэг газар энэ сарын 24-нд гарсан ой, хээрийн түймрийн голомтод Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, орон нутгийн иргэд
     
  • Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин II багийн “Даваат” гэдэг газар энэ сарын 24-нд гарсан ой, хээрийн түймрийн голомтод  тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, НОБГ, орон нутгийн нийт 53 хүн, 6 автомашинтай
     
  • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин II багийн "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Шарлан гол” гэдэг газар энэ сарын 25-нд гарсан түймрийн голомтод ОБЕГ-ын дэргэдэх  Үндэсний аврах бригад, НОБГ-ын 70 гаруй алба хаагч
     
  • Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатайн багийн Сөдтэйн даваа гэдэг газар энэ сарын 26-нд гарсан ойн түймрийн голомтод Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, НОБГ-ын 30 орчим алба хаагч, орон нутгийн 53 хүн, 6 автомашин
     
  • Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн  "Шоргоолж" гэдэг газарт энэ сарын 26-нд гарсан түймрийн голомтод  тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Дорноговь, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар,  орон нутгийн нийт 36 хүн , 3 автомашинтай
     
  • Хэнтий аймгийн Батширээт сумын Онон I багийн "Баруун тас" гэдэг газар энэ сарын 26-нд гарсан ойн түймэрт ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр түймрийн тандалт хийж, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид
     
  • Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Худгийн гуу” гэдэг газар энэ сарын 27-нд гарсан түймрийн голомтод Сэлэнгэ, Дархан-Уул, Булган аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн нийт 50 хүн, 5 автомашин
     
  • Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Шоргоолжны өндөр” гэдэг газар энэ сарын 27-нд гарсан түймрийн голомтод  ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тээвэрлэн хүргэж, тус тус үүрэг гүйцэтгэж байгааг танилцууллаа.