Цахилгааны кабель шугамын гэмтлийг засварлаж, авто замын хөдөлгөөнийг хэвийн болгожээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Олимпын хорооны урд талын авто замыг өчигдөр орой сэтэлж байв. Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад цахилгааны кабель шугамд гэмтэл гарчээ.

"УБЦТС ТӨХК"-ийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр хотын төвийн томоохон объектуудыг цахилгаанаар тэжээдэг гол кабель шугам ашиглалтын явцад гэмтсэн байна. Уг гэмтэл Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нийслэл хүрээ өргөн чөлөөнд авто замын зорчих хэсэгт тодорхойлогджээ. Энэ үеэр хэрэглэгчдийн цахилгааныг тасалдуулахгүйгээр схемээр шилжүүлэх арга хэмжээ авсан болохыг хэллээ.

"Одоогийн байдлаар кабель шугамын гэмтлийг засварлаж, авто замын хөдөлгөөнийг хэвийн болгосон. Харин авто замын асфальт бетон хучилтыг хийгээгүй" гэв.

Гэмтэл гарсан кабель шугам нь ААБлу 3*240 загварынх бөгөөд 1988 онд ашиглалтад орсон насжилт, элэгдэл өндөр болжээ.