Монгол Улсын хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц өсөлттэй байгаа бөгөөд ирэх есдүгээр сард Улаанбаатар хотноо болох хоёр томоохон олон улсын арга хэмжээ болох “Mongolia’s Capital Market Connectivity” (MCMC) болон “Азийн үнэт цаасны 30 дахь удаагийн ерөнхий чуулган”-тай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадралтай ярилцлаа.
-Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, Санхүүгийн зохицуулах хорооноос хийж буй гол ажлуудын талаар мэдээлэл өгөхгүй юу?.
-Сүүлийн жилүүдэд манай улсын хөрөнгийн зах зээл эрчимтэй хөгжиж, зах зээлийн үнэлгээ, үнэт цаасны арилжаа идэвхжиж, хөрөнгө оруулагч, үнэт цаас гаргагч болон зах зээлийн оролцогчдын сонирхол нэмэгдсэн нь УИХ, Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ, мөн Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаас гаргагчид, зах зээлд оролцогчид, мэргэжлийн холбоод, дэд бүтцийн байгууллагуудтай нягт хамтран ажилласны үр дүн юм. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг илтгэх гол үзүүлэлтүүд болох зах зээлийн үнэлгээ энэ оны I улирлын байдлаар 12.83 их наяд төгрөгт хүрч, 2020 оноос 4 дахин өссөн.
Мөн 2024 оны үнэт цаасны арилжааны хэмжээ 1.58 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 2 дахин нэмэгдсэн байна. Үүний 57.8 хувийг өрийн хэрэгсэл, 22.7 хувийг хувьцаа, 6.5 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, 13.0 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа эзэлж байна. Биржийн бус зах зээлд 2021 оноос энэ оны I улирал хүртэл нийт 154 компани бонд гаргаж 3.7 их наяд төгрөг, 160.3 сая ам.долларыг амжилттай татан төвлөрүүлсэн нь дотоодын компаниудын бондын зах зээлд оролцох идэвх эрс өссөнийг харуулж байна.
Түүнчлэн, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан бид банкны салбарын хөрөнгийн зах зээлд оролцох боломжийг нэмэгдүүлж, хадгаламжийн сертификатыг нэвтрүүлэх, гарааны болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн хувьцааны хамтын санхүүжилтийн журам, мөн олон улсын санхүүгийн байгууллагаас бонд гаргах, хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулах зохицуулалтын орчныг бүрдүүлсэн. Эдгээр зохицуулалт нь компаниудад санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болгож, зардлыг бууруулах, өрсөлдөөнт орчныг бүрдүүлэх чухал ач холбогдолтой.
Мөн олон улсын санхүүгийн байгууллагуудын бонд гаргах үйл ажиллагааг дэмжих зохицуулалт нь Монголын санхүүгийн зах зээлийг илүү тогтвортой, олон улсад өрсөлдөх чадвартай болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ.
Цаашид бид үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын итгэлцлийн сан (REITs) болон үнэт цаас зээлэх, зээлдүүлэхтэй холбоотой зохицуулалтын орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Эдгээр нь хөрөнгийн зах зээлийг төрөлжүүлж, арилжааны идэвх, хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй юм.
-Зах зээлийн идэвхжил сайн байгаа ч олон улсын хөрөнгө оруулалтыг татах, дотоодын компаниудыг гадаадын зах зээлд холбох нь чухал сорилт хэвээр байна. Энэ чиглэлд Санхүүгийн зохицуулах хорооноос "Mongolia's Capital Market Connectivity" (MCMC) санаачилгыг хэрэгжүүлж ирсэн. Энэхүү санаачилгын талаар болон удахгүй Улаанбаатарт болох арга хэмжээний онцлогийн талаар ярина уу?
-Тийм ээ, олон улсын зах зээлтэй холбогдох нь манай хөрөнгийн зах зээлийн хөгжлийн дараагийн чухал алхам юм. MCMC нь Санхүүгийн зохицуулах хорооны санаачилгаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран хэрэгжүүлдэг бидний тэргүүлэх арга хэмжээ билээ. Бид энэхүү цуврал арга хэмжээг 2023 оноос хойш зохион байгуулж, Хонконг, Шанхай, Нью-Йорк, Сингапур, Сөүл зэрэг олон улсын голлох санхүүгийн төвүүдэд Монголын зах зээлийн боломжийг танилцуулж ирсэн. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахад чухал үүрэг гүйцэтгэсэн.
Харин одоо бид энэхүү цуврал ажлын үр дүнг нэгтгэх, бодит хамтын ажиллагааны эхлэлийг тавих зорилгоор “MCMC Ulaanbaatar 2025” арга хэмжээг 2025 оны 9-р сарын 12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэ удаагийн онцлог нь бидний урьсан гадаадын хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулалтын сангууд, санхүүгийн байгууллагын төлөөлөл, Азийн тэргүүлэх биржүүд болон Торонто, Лондонгийн биржийн төлөөлөл Монголд биечлэн хүрэлцэн ирж, манай улсын хөрөнгийн зах зээлийн бодит нөхцөл байдал, тэргүүлэгч компаниуд, хөрөнгө оруулалтын төслүүдтэй нүүр тулан танилцах, хамтран ажиллах чиглэлд санал солилцох явдал юм.
-Энэ нь Монголын компаниудад ямар бодит боломжуудыг олгох вэ? Ялангуяа олон улсын зах зээлд гарах, хөрөнгө босгох тал дээр?
-“MCMC Ulaanbaatar 2025” арга хэмжээ нь Монголын компаниудын олон улсын зах зээлд нэвтрэх, хөрөнгө босгох чадавхыг дээшлүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, улмаар Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн олон улс дахь нэр хүндийг өсгөхөд чиглэж байна. Тухайлбал, энэхүү чуулганы үеэр манай компаниуд олон улсын институцийн хөрөнгө оруулагчид болон хөрөнгө оруулалтын сангуудад өөрсдийн үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлт, өсөлтийн төлөвлөгөө, Байгаль Орчин, Нийгэм, Засаглал (ESG)-ийн санаачилгыг танилцуулж, хөрөнгө оруулалт татах боломжит сувгуудыг нээх юм.
Үүний зэрэгцээ Лондон, Торонто, Хонконг, Сингапур зэрэг олон улсын томоохон хөрөнгийн биржүүдийн төлөөлөлтэй шууд уулзаж, давхар бүртгэл хийлгэх, олон улсад IPO хийх, бонд гаргах үйл явцын талаар бодит мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө авах, мөн олон улсын зах зээлд нэвтрэхэд шаардлагатай холбоо сүлжээг бий болгох зэрэг олон талын давуу талыг олж авах боломжтой болно. Энэ бол онолын мэдлэгээс практик хэрэгжилтэд шилжих, бодит үр дүнд хүрэх чухал алхам гэж харж байна.
Түүнчлэн, арга хэмжээний хүрээнд Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн онцлог, зах зээлд нэвтрэх боломж, тулгарч буй сорилтуудын талаар танилцуулга, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Мөн экспортын голлох салбарууд болох уул уурхай, банк, санхүүгийн салбарын цаашдын хөгжил, хөрөнгө оруулалтын чиг хандлагын талаар мэргэжлийн оролцогчдын дунд санал солилцоно. Одоогийн байдлаар Лондонгийн Хөрөнгийн Бирж, Торонтогийн Хөрөнгийн Биржийн төлөөлөл энэхүү арга хэмжээнд оролцохоо албан ёсоор мэдэгдээд байна. Бид цаашид бусад улс орнуудын санхүүгийн зохицуулагч байгууллагын төлөөллүүдийг урьж, оролцуулахаар идэвхтэй ажиллаж байна.
-Та сая яриандаа Азийн үнэт цаасны 30 дахь удаагийн ерөнхий чуулганыг анх удаа манай улсад зохион байгуулагдана гэж ярилаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-“Asia Securities Forum” (ASF) буюу Азийн үнэт цаасны форум 1995 онд анх зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд өдгөө 30 дахь удаагийн ерөнхий чуулган Монгол Улсад анх удаа болох гэж байна. Форум нь Ази-Номхон далайн бүс нутгийн хөрөнгийн зах зээл нь тодорхой хэмжээнд хөгжсөн улс орнуудын үнэт цаасны зах зээлийн зохицуулагч, дэд бүтцийн байгууллагуудыг нэгтгэсэн нэр хүндтэй салбарын форум юм. Энэхүү чуулган нь бүс нутгийн хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх гол платформ болдог.
Энэ жилийн хувьд тус чуулганыг зохион байгуулах эрхийг манай салбарын мэргэжлийн холбоо болох Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо авсан бөгөөд холбооны 30 жилийн ойтой давхцан Азийн үнэт цаасны 30 дахь удаагийн Ерөнхий чуулган Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа нь онцлог болж байна.
Форум зохион байгуулагдсанаараа манай улсын хөрөнгийн зах зээлийг олон улсад сурталчлах томоохон боломж төдийгүй, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх, дотоодын компаниудыг гадаадын зах зээлд таниулах, дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийг холбох чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.
Азийн үнэт цаасны форум өмнө нь Япон, Солонгос, Сингапур, Энэтхэг зэрэг Ази номхон далайн бүс нутгийн хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн улс орнуудад зохион байгуулагдаж байсан бөгөөд бүс нутгийн 30 гаруй орны хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн холбоод, зохицуулагч байгууллагууд оролцож, салбарын бодлого, зах зээлийн чиг хандлага, цаашдын хөгжлийн зорилгуудыг тодорхойлдог уламжлалтай.
Энэ жилийн хувьд Олон улсын хөрөнгийн зах зээлийн холбоо (ICMA), Азийн үнэт цаасны болон санхүүгийн салбарын холбоо (ASIFMA), Сингапур улсын үнэт цаасны холбоо (SAS), Япон улсын Үнэт цаасны дилерүүдийн холбоо (JSDA)-ны төлөөлөл болох 20 гаруй улсын 60 гаруй хүн оролцохоор бүртгүүлээд байна. Форумын үеэр тогтвортой хөгжил, дижитал шилжилт зэрэг ирээдүйн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хөндсөн өргөн хүрээтэй илтгэл, хэлэлцүүлгүүд зохион байгуулагдаж, салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох чухал арга хэмжээ болно.
-Тэгвэл Азийн үнэт цаасны форум болон MCMC арга хэмжээ хамтдаа зохиогдож байгаа нь ямар уялдаа холбоо, нэмэлт үнэ цэнийг бий болгож байгаа вэ, мөн эдгээр цогц арга хэмжээнүүд болон MCMC санаачилгын ирээдүйн талаар та ямар төсөөлөлтэй байна вэ?
-Энэ бол маш чухал уялдаа холбоо юм. Өмнө нь Монголын хөрөнгийн зах зээлд ийм хоёр томоохон, харилцан бие биеэ дэмжсэн арга хэмжээ нэгэн дээвэр дор зохион байгуулагдаж байгаагүй. ASF-ийн 30 дахь удаагийн Жилийн ээлжит чуулганыг MCMC арга хэмжээтэй хамтатган зохион байгуулах эрхийг авсан нь бүс нутгийн санхүүгийн зах зээлийн оролцогчдын өргөн сонирхол болон бидний хүсэлтийн үр дүн юм.
ASF-ийн гишүүн болох Ази-Номхон далайн бүсийн 20 гаруй орны үнэт цаасны салбарын тэргүүлэх холбоод, зохицуулах байгууллага, биржүүдийн удирдлагууд энэхүү ойн чуулганд оролцохоор Улаанбаатарт хүрэлцэн ирнэ. Энэ нь MCMC-д оролцогч Монголын компаниуд болон олон улсын хөрөнгө оруулагчдад бүс нутгийн санхүүгийн салбарын хамгийн өндөр түвшний төлөөлөлтэй уулзах, тэдний туршлагаас суралцах, сүлжээгээ тэлэх, итгэлцлийг нэмэгдүүлэх онцгой боломжийг олгож байгаа юм. Нэг ёсондоо, MCMC нь ASF-ийн нэр хүнд, өргөн цар хүрээг ашиглан Монголын хөрөнгийн зах зээлийг сурталчлах илүү том, нөлөө бүхий индэр болж байна.
MCMC Ulaanbaatar 2025 болон ASF-ийн чуулганыг амжилттай зохион байгуулах нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн олон улс дахь нэр хүндийг эрс дээшлүүлнэ. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх, дотоодын компаниудыг олон улсын стандартад ойртуулах, засаглалыг сайжруулах, санхүүгийн салбарын ил тод байдлыг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болно.
Цаашид бид MCMC санаачилгаа үргэлжлүүлэн, олон улсын бусад санхүүгийн төвүүдэд, тухайлбал Их Британийн Лондон хотноо Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран 2025 оны сүүлийн хагаст зохион байгуулахаар төлөвлөж байна. MCMC нь Монголын болон олон улсын хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулагч компаниудыг холбогч стратегийн гүүр болон үр дүнтэй олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Энэ бол Монголын хөрөнгийн зах зээл олон улсын санхүүгийн сүлжээнд нэгдэх тасралтгүй үйл явц юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!