“Омни Ассет 2” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас ₮14 тэрбумын анхдагч арилжаагаа эхлүүлж, цан цохилоо

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Омни Капитал ББСБ” ХХК-ийн охин компани болох “Омни Ассет 2 ТЗК” ХХК нь Санхүүгийн Зохицуулах Хорооны 2025 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн хурлаар 14 тэрбум төгрөгийн дүнтэй Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг (ХБҮЦ) олон нийтэд санал болгох албан ёсны зөвшөөрлийг авсан билээ.

Тэгвэл өнөөдөр “Омни Ассет 2" ХБҮЦ-ны ₮14 тэрбумын үнийн дүнтэй анхдагч нээлттэй арилжааг эхлүүлж, Монголын хөрөнгийн биржид цан цохилоо.

“Омни Ассет 2" хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг танилцуулбал:

  • Нийт санал болгох хэмжээ: 14,000,000,000 төгрөг
  • Нэгжийн үнэ: 100,000 төгрөг
  • Хугацаа: 24 сар (2 жил)
  • Жилийн өгөөж: 19.2%
  • Хүүгийн төлөлт: 3 сар тутамд тогтмол хүүгийн төлбөр хийгдэнэ.

Өнөөдрийн арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж болон үнэт цаас гаргахад оролцсон хамтрагч байгууллагуудын зочид, төлөөлөгчид оролцож Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн өдрийн гэрч боллоо.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Омни Ассет 2" хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны талаар “Омни капитал ББСБ” ХХК-ийн хөрөнгө оруулалтын захирал Г.Ууганбаяр "Омни Капитал нь 2019 оноос хойш Монголын үнэт цаасны зах зээлд амжилттай үйл ажиллагаа явуулж буй, хөрөнгө оруулалтын туршлагатай байгууллага бөгөөд өмнөх “Омни Актив” нэртэй ХБҮЦ-ыг амжилттай гарган, төлбөр тооцоог хугацаанд нь гүйцэтгэж байсан түүхтэй.

Хөрөнгө оруулалтын хугацаанд жил бүрийн 19.2 хувийн өгөөжтэй, 3 сар тутамд тогтмол хүүгийн төлөлтөөр орлогоо авах боломжтой.

Энэ нь банкны хадгаламж болон бусад уламжлалт хэрэгслээс харьцангуй өндөр өгөөж санал болгож байна. Мөн бодит үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан тул үндсэн хөрөнгийн найдвартай байдлыг хангаж, эрсдэлийн хамгаалалтыг нэмэгдүүлнэ.

“Омни Ассет 2” ХБҮЦ-ны хөрөнгө нь бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө болон эрхийн бичгээр баталгаажсан бөгөөд хөрөнгийн дахин үнэлгээ, хамгаалалтын механизм, хөрвөх чадварын тооцооллыг нарийвчлан гүйцэтгэсэн. Мөн эрх бүхий үнэлгээний байгууллагаар хөрөнгийг үнэлүүлсэн. Бид 2025 онд хөдөө орон нутагт салбар нээх сонирхолтой байгаа. Нөгөө талаар багцаа өсгөх, чанартаа анхаарахаар ажиллаж байна" гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Апекс Капитал ҮЦК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхамдолгор "Манай компани үндсэн андеррайтераар ажиллахдаа эрсдэлийг бага байхаар тооцож, жилийн 19.2 хувийн өгөөжийг тавьж өгсөн. Энэ нь зах зээлийн дундаж өгөөжөөс 5-6 нэгж хувиар илүү учраас хөрөнгө оруулагч нарт өндөр өгөөж өгнө.

Энэ бүтээгдэхүүн маань зах зээлд нээлттэй гарч байгаа учраас та бүхэн өөрийн харилцдаг бүх брокерын компаниар дамжуулан авах боломжтой. Анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр эхлэх бөгөөд 100 хувь дүүртэл таван өдөр явагдана.

"Апекс Капитал ҮЦК" ХХК-ийн зүгээс хөрвөх чадварын хангах үүднээс тухайн бүтээгдэхүүний 20-оос дээш хувийг өөрийн хөрөнгөөр худалдан авч, дараагийн зах зээлийг идэвхжүүлэхээр ажиллаж байна. 
зураг
 

Андеррайтерын компанийн гол үүрэг нь үнэт цаас гаргагч болон хөрөнгө оруулагч талуудыг холбодог. Бүтээгдэхүүн маань нээлттэй зах зээлд гарч байгаа учраас хүн бүр тухайн компанийн санхүүгийн шинжилгээг хийх ихээхэн хугацаа ордог.

Тиймээс "Апекс Капитал ҮЦК" ХХК тухай компанийн эрсдэлийг үнэлэх, хөрөнгө оруулагч нарт ямар ашигтай байх үйлчилгээг үзүүлсэн. Мөн хөрөнгө оруулагч багцдаа тухай бүтээгдэхүүнээс хэр хэмжээтэй авах талаар мэргэжлийн зөвлөгөө өгдөг" гэлээ. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн "Манай бирж хөрөнгө босгож буй талуудыг бүх талаар дэмждэг. Өнөөдрийн нээлтийн үйл ажиллагааг Монголын хөрөнгийн бирж дээр зохион байгуулж, олон нийтэд сурталчилж байна. 

Хөрөнгө оруулагч талаасаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь илүү найдвартай, эрсдэл багатай байдаг. Энэ төрлийн үнэт цаасыг хөрөнгийн зах зээлд гаргахад бүх байгууллагатай хамтран ажиллахад бид бэлэн байна" хэмээн ярилаа.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.