УИХ-ын гишүүн С.Ганбаатар охиныг нь Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээс хассан гэдэг мэдээллийг сошиал хаягтаа нийтэлсэн.
Үүнтэй холбоотой тайлбарыг Боловсролын зээлийн сангаас сошиалаар гаргажээ.
Уг мэдээлэлд "Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаа миний бие УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хүүхэд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээс хасагдсан гэх асуудалд тайлбар өгье.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 201.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрөөс санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, арилжааны шинжтэй төсөл, хөтөлбөр, төрөөс олгох хөнгөлөлт, баталгаа, хандив, зээл хүртэгч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байж болохгүй” гэж заасны дагуу УИХ-ын гишүүний хүүхэд төрөөс санхүүжүүлэх тэтгэлэгт хамрагдах боломжгүй юм.
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын охин тэтгэлэгт шалгарсны дараа хууль зөрчих асуудал үүссэнийг намрын улирлын гэрээ дүгнэх ажлаар мэдэгдсэн тул энэ талаар өөрт нь болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэж байсан. Мөн яг үүнтэй адил тохиолдол өмнө нь УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын хүүхдэд тохиолдож гишүүн өөрийн хүсэлтээр татгалзаж байсан удаатай" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!